25 лекц № 4: Ярилцлага ба мэтгэлцээн. Dialogue, discussion \Товчлол\

Танин мэдэхүйн болон асуудал юу вэ гэдгийг олж тодорхойлохын тулд хүмүүсийн дунд харилцан ярилцах шаардлага гардаг. Ярилцлагууд дотроо олон янз диалог, мэтгэлцээн, хэлсэн үг, яриа хийх, цэцэн үг хэлэх, асуулт хариулт явуулах, уулзалт хийх, маргаан зохиох гэх мэт.
Энд тэнд хийгдэж буй мэтгэлцээн болон маргаан нэртэй ярилцлагуудыг ажиглахад хий хоосон маргах гээд байгаа бололтой эсвэл цаанаасаа даалгавартай ярилцлагыг зориуд нэг тийшээ тулгаад удирдах гээд байхыг харахад хэцүү л байдаг. Ерөөсөө хүмүүс маргалдах ямар ч шаардлагагүй. Эцсийн эцэст юмыг л мэдэх гэж л байгаа тул маргах ямар ч шаардлагагүй. Нэг бол мэднэ үгүй бол мэдэхгүй.
Диалог \dialogue\ гэсэн энэ ойлголт хамгийн хэрэгцээтэй. Бие биеийгээ таниж мэдэхэд тустай. Олон ярилцлагуудын дараа хүмүүс асуудлынхаа голыг олж авах учиртай. Үүгээр асуудал нэг тийшээ болж үнэн зөв гарч ирэх зорилготой. Ярилцлагын үед зөвхөн ярилцаж буй хүн болон хүмүүсийг ойлгохоос гадна хүн өөрийгөө ойлгож авах боломж гардаг.
Ярилцлагын зорилго бол ойлголцохоос гадна хүн өөрчлөгдөх тэр өөрчлөлт чухал. Ярилцлагын дараа өөрчлөгдөж чадах чадвар чухал үүрэгтэй. Үүний тулд мэдээж бусдыг сонсож чадах, хүнийг хүлээн зөвшөөрөх, өөрөө өөрийнхөө санааг тунгаан бодох, яриа өрнөж үнэнийг эрхэмлэж үнэнийг барих чухал байх жишээтэй. Үүний хажуугаар ярилцлагад өмнөөс бэлдчихсэн ирж болохгүй. Өөрийгөө хамгаалах эсвэл бусдыг буруутгах гэж оролдож л болохгүй.
Үүний хажуугаар хүний хэлсэн үг гэсэн номууд энд тэнд хэвлэгдэж эсвэл хүний хэлсэн үгүүдийг хүмүүс давтаж хэлэх дуртай. Тэгвэл хэлсэн үг үнэн үү эсвэл худлаа юу гэдгийг шууд асуух хэрэгтэй. Хүний хэлсэн үг гэсэн ойлголт хэзээ ч хүсэл мөрөөдөл эсвэл уриа магтаал байж болохгүй. Хэлсэн үгнүүд хэрхэвч мөн, биш, юм гэж төгсөж болохгүй. Тийм гэвэл шууд л өөрийнхөө санааг бусдад тулгахтай адил. Хүн бусдад тулгавал одоо асууж лавлах боломжгүй болох тул харилцан ойлголцол үүсэхгүй. “Юм хоёр талтай” гэсэн хэллэг бол ямар ч утгагүй бас зорилгогүй. Яагаад гэвэл энэ дүгнэлт үү эсвэл цэцэрхсэн үг үү гэдэг мэдэгдэхгүй байгаа тул. Дүгнэлт гэвэл тухайн хүний үзсэн амидрал бусдад хүчинтэй юу? Хэлсэн үгийг Англиар “propositional formula” гэж нэрлэдэг.
Ярилцлагын тухай дараагийн нэг чухал ойлголт бол яриа хийх. Яриа хийх \speech\ гэсэн ойлголтын цаана хэн юу ярих гэж буй гэсэн асуулт тавигддаг. Яриа хийж буй хүн мэдээж дуу хоолой хачин сонин биш биеийн хэлбэр галбир гаж буруу биш байх чухал үүрэгтэй. Үүнээс гадна яриа хийж буй хүний нүүрний булчин ажиллаж инээмсэглэдэг эсвэл гайхсан гэх нүүрний өөрчлөлт хийх ажиллагаатй байх чухал. Хэрэв нүүрний булчин ажиллахгүй бол яриа бусдад олигтой үйлчлэхгүй. Нүүрний ямар ч хувиралгүй хүн өөрийнхөө ярианд ямар ч үнэмшилгүй гэсэн ойлголт. Нөгөөтэйгүүр яриа хийж буй хүн хэрхэвч цаанаасаа бэлдсэн зүйл уншиж болохгүй. Тэгвэл яриа биш уншлага болж хувирна. Ардчилалтай орнуудад гудамжинд чөлөөт ярианууд их хийгддэг.
Цэцэн үг хэлэх тэгнэ шүү гэж уридчилан айлдах гэсэн ойлголтуудыг “prophecy” гэж нэрлэдэг. Тэгж буулаа, тэгэхгүй л бол болохгүй шүү, тэгээрэй за эсвэл цаанаа нэг л учиртай гэх мэт үг өгүүлбэрүүд мэдэхгүй зүйлийг мэдэх мэт өөрөөр хэлбэл мэддэг мэт хэлэх бэлэн үгнүүд. Угтаа бол юу ч мэдэхгүй тааж таамаглаж л байгаа шүү дээ. Үүний нэг том жишээ бол зөн билгийн тулаан гэх мэт найруулгууд.
Цэцэн үгнээс гадна бас оракел \oracle\ гэх ойлголт ихэнхдээ дээд тэнгэр бурханы хэлсэн үг гэсэн дээрээс хэлсэн гэх ойлголт. Тиймээс мухар сүсэг тал руугаа. Харин юм хардаг гэсэн ойлголт бол тухайн ганц хүний л харсан гэх зүйлс. Үүнийг таван мэдрэмжээс тусдаа мэдрэмж гэж хүртэл нэрлэдэг. Ихэнхдээ сэтгэлийн асуудалтай хүмүүс ийм зүйлд итгэж үнэмшихдээ амархан байдаг.
Эрт дээр үед дайн хийхийн өмнө оракел дууддаг эсвэл шөнө зүүдэлсэн зөнчийн яриаг сонсдог. Мэдээж тэр үед зүүд гэж юу болохыг мэдэхгүй байсан тул зүүдийг үнэн гэдэг байжээ. Өнөөдөр бол зүүд гэдэг өдрийн үйл явдалын тусгал гэдгийг мэджээ. Мэдлэг хөгжөөгүй мухар сүсэг шашин эзэрхийлсэн үед бичиг үсэггүй ард түмэн юунд ч итгэж юунаас ч айдаг байсан. Тиймээс ард түмнийг бичиг үсэгтэй болгож наад захын ерөнхий боловсролтой болгох зорилго бол тухайн төрийн чадвараас хамаардаг.
Олон хүмүүс ялангуяа улстөрийн гэдэг хүмүүс энд тэнд уулзалт хийдэг. Уулзалт хийх бол нилээд сэтгэлийн хөдөлгөөнийг өдөөх ёстой. Гэтэл ихэнх улстөрчид нутгийн хүмүүсээ эсвэл оюутнуудаа тойруулаад суулгачихсан байдаг тул уулзалт биш наадам наргиа болох жишээтэй.
Жинхэнэдээ уулзалт хийх \conversation\ гэсэн ойлголт бол нийгмийн амидралд оролцож иргэд олон асуудалуудыг тодруулахад маш их ач холбогдолтой. Тиймээс хүмүүс сэтгэлийнхээ хөдөлгөөнөө гаргах боломж олгогдсон байх ёстой.
Уулзалт заавал олны дунд хүмүүсийн хооронд явагдах биш бас гэр бүлийн хооронд ч явагдах ёстой. Ширээ тойроод гэр бүлийнхэн сууцгааж уулзаж ярилцах бол хамтран амидарч буйн утга учирыг тодорхойлдог. Өвгөд хөгшид Буддын шашин руу сүсэглэж, ээж аавууд мухар сүсэгтэнүүдэд мөнгөө алдаж үр хүүхдүүд Христийн сүм хийдээр эргэлдвэл яаж гэр бүл дотор амар амгалан энх тайван амидрал үүсэх вэ дээ. Уулзах л хэрэгтэй.
Мэтгэлцээн гэсэн энэ ойлголт нийгмийн дунд их л тархжээ. Түүний хажуугаар маргаан зохиох ч гэж ярих жишээтэй. Тэр ч бүү хэл халз тулаан гэж бүр дайн байлдаан хийх гэж байгаа адил бүр хөөрөгдөх жишээтэй. Мэдлэг боловсрол дутуу бол ном уншиж тархиа цэнэглээгүй бол уншсан зүйлээ ойлгож ухаараагүй бол яаж маргах вэ? Хэрхэн мэтгэлцэх вэ? Халз тулаан гэж оюуны доод түвшинд ярих хэрэг байна уу?
Маргаан, мэтгэлцээн, халз тулаан гээд буй ойлголтууд бол гаднаас орж ирсэн discussion, debate, argument гэх ойлголтуудын орчуулгууд. Монгол хүмүүсийн хувид энэ гадны ойлголтууд яагаад ч боломжгүй. Яагаад гэвэл Монгол хүмүүс түүх гээд үнэмшчихсэн шашин гээд итгэчихсэн улстөр гээд хайрцаглуулчихсан байдаг тул нээлттэй биш бас үнэн биш. Яагаад боломжгүй вэ гэхээр мэдлэг боловсрол дэндүү нимгэн тул зөвхөн хувийн санаануудаа ярих жишээтэй. Санаа бол мэтгэлцэхэд хүчингүй зүйл. Мэдлэг бол хүчинтэй. Гэтэл олон хүн шашиныг мэдлэгтэй гэж алдаатай ойлгосон байдаг.
Залуучуудын дунд зохиож буй мэтгэлцээн, маргаан, халз тулаанууд нэртэй зохиомол арга хэмжээнүүд ихэнхдээ улстөрийн фанатуудын цугларал болох жишээтэй. Мэдээж залуучууд ном уншаагүй тул онол мэдэхгүй тул буруу зөв ойлгосон зүйлээ бусдад тулгахаас өөр замгүй болдог. Мэдлэггүй хүмүүс санаагаа л ярина шүү дээ. Түүний оронд номын нэр бичээд тэр номынхоо тухай ярилцвал залуучуудад сурч хөдөлмөрлөхөд тустай. Гэтэл хэн ном уншихыг хөдөлмөр гэж ойлгодог билээ. Хөдөлмөрлөөгүй залуучууд маргаж мэтгэлцэж халз тулалдах дуртайгийн шалтгаан бол бусдаас хоцорсондоо бухимдаж буйгийн баталгаа.
Мэргэжлийн түвшинд дискурс \discourse\ хийх гэсэн ойлголт 20-р зууны дунд үеэс гаралтай бөгөөд дэлхийн улс орнуудаас зөвхөн Европт дискурсын онол эхэлжээ. Дискурс гэсэн ойлголт бол хэлсэн бичсэн зүйлсийнхээ үр дагаварыг болон үр нөлөөг гүн гүнзгий удаан хугацаагаар ярилцахыг хэлдэг. Эцсийн эцэст хэлж ярисан бичиж хэвлүүлсэн зүйлс ямар үр дүнд хүрэв гэдгийг тодруулдаг. Нэг хоёр удаагийн ярилцлага юу ч биш. Үргэлжилсэн олон ярилцлага явагдах дискурс бол тэвчээргүй цаг ашиглаж чаддаггүй хүмүүсийн хувид бол ярих асуудал биш.
Дискурс хийхэд журам хэрэглэдэг. Энэ журамын дагуу дискурсийг ухамсартайгаар хяналттайгаар явуулсаар үнэнд хүрэх. Ихэнхдээ философийн болон лингвистикийн асуудлуудаар олон мэргэжлийн хүмүүс дискурсэд оролцдог. Үнэнд хүрэх гэдгийн зорилго бол бодит байдлыг олж мэдэх. Бие хүн ганцаараа хэзээ ч бодит байдлыг олж мэдэж чадахгүй.
Монгол хүмүүст энд яриж буй сэдвүүд дэндүү хол. Яагаад Монгол хүмүүс ярилцаж уулзалт хийж чаддаггүй вэ гэхээр хүмүүсийг хайрцаглаж асуулт тавидаггүй эсвэл цаанаасаа бэлдчихсэн асуулттай хүмүүсийг цуглуулж уулзалт яриа нэртэй найруулга хийдэг. Монгол хүмүүс мэдлэгийн төлөө биш ихэнхдээ улстөрийн маргаан мэтгэлцээнүүд зохиодог тул ямар ч урагшаа ахиц гарахгүй хоосон үгийн уралдаан болж хувирдаг. Маргаан мэтгэлцээнүүдийг ихэнхдээ залуусын дунд явуулдаг тул ямар ч мэдлэг мэргэжилгүй залуусын хувийн болон өөрийн санаанууд л агаарт хөвөх болохоос биш баталгаатай аргументтэй жинхэнэ харилцан суралцах үйл ажиллагаа боломж гардаггүй явдал тун харамсалтай.
Ямар ч ярилцлагын үеэр шулуухан хэлэх боломжтой, хэн хэндээ итгэлтэй, хүн ёсоо алдахгүй тийм ярилцлага үүсэх ёстой бөгөөд ямар ч аюулгүй айж мөн амаа барих явдалгүй тийм орчин үүсэх чухал.
Үүнээс харахад Монголчуудын зурагтын ярицлагууд болон энд тэндхийн хуралууд энд яриж буй ойлголтууд болон онолуудаас мөн ч хол байна даа.
Бүгдийг хэлэх боломжгүй тул сэдэв чухал. Бүгдэд нэгэн зэрэг хэлэх боломжгүй тул цуврал лекцүүд болон ярилцлага явуулах чухал. Сэдвийг олон сэдэвтэй холихгүйн тулд цагийг зөв ашиглаж цагтаа эхэлж цагтаа дуусах бас чухал.
Хэлээ ч гэж энэ сайхан хэл заяасан байхад хэлэх гэснийгээ хэлж чадахгүй эсвэл бусдын үгийг давтан хэлэх гэдэг бас л их ялагдал…

Advertisements