Тэгш байдал эрхжиж “тэгш эрх” болох цаг болжээ.

Тэгш байдал гэж Үндсэн хуулийн эхний хэсэгт тусгажээ. Тэгш эрх гэсэн социализмын үеийн орчуулгыг энэ удаа тэгш байдал гэжээ. Харин хуулийн өмнө эрх тэгш гэжээ. Олон улсын “egalite” гэсэн ойлголтыг ингээд л ганцхан үгээр бичээд боллоо юу? Тэгш байдал гэсэн энэ ойлголт зөвхөн хуулийн өмнө бүгдээрээ адилхан гэж хэлэхээс илүү их зүйлийг хэлдэг шүү дээ.
Хүмүүс хэзээ ч хаа ч бүгдээрээ адилхан өөрөөр хэлбэл тэгшхэн гэсэн ойлголт бол хэнийг ч илүүд үзэж болохгүй, хэнд ч илүү хангамж илүү эрх олгогдож болохгүй гэсэн ойлголт. Түүнээс гадна хэн ч тусгай эрх өөрөөр хэлбэл хуулийн гадуур онцгой эрх эдлэж болохгүй. Ингэж байж л төр улс нийгэм үүсэх боломжтой. Тэгээгүй гэвэл эртний зэрлэг дундад зуун эсвэл Монгол хүний сайн мэдэх ноёд феодалын үе л хэвээрээ гэсэн ойлголт.

Үндсэн хуулинд ингэж хуулийн өмнө бүгдээрээ адилхан бөгөөд бүх хүн адилхан эрхтэй гэдгийг хуулийн өмнө эрх тэгш гэж маш товчилж бичжээ. Үндсэн хуулийг философийн мэргэжлийн хүмүүсийн зөвлөлгөөгөөр эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл гэсэн гурван ойлголтыг тайлбарлуулан хийгээгүй тул хүн төрөлхтөний гурван том ойлголтыг хагас дутуу товчлон бичжээ. Товчилж болох. Гэтэл тайлбар байхгүй бол ойлгох боломжгүй. Өөрөөр хэлбэл хүн бүр өөрийнхөөрөө ойлгох алдаа гарна. Мэдээж тухайн үедээ философич байгаагүй ч гэсэн Өрнөдийн орнуудаас философич авчирч тайлбарлуулах боломжтой л байсан.
Тэгш байдал зөвхөн хуулийн өмнө гээд зогсох биш цааш үргэлжлэнэ шүү дээ. Жишээлбэл хүмүүст бүгдэд амьдрахад адилхан боломж олгогдох ёстой. Цаашаагаа хийж үйлдэж яваа ажил хөдөлмөрт бас адилхан боломж олгогдох ёстой. Энэ бүгдийг эрхжүүлэх чухал болохоос зүгээр бичээд л орхих зүйл биш. Мэдээж хүн төрөлхтөний философитой ийм сүүлд танилцсан Монгол хүний хувьд чөлөөт байдал, тэгш байдал болон эв нэгдэлт байдал гурав цоо шинэ өөрөөр хэлбэл дасахад хэцүү ойлголтууд. Монгол хүний түүх философигүй явж ирсэн ба шашинаас философи авч чадалгүй мухар сүсэг рүү орсоныг Буддизмын орж ирээгүй түүх батлана. Буддизмын дарма, самсара, нирвана гээд чухал ойлголтууд өнөөдөр ч нийт олны дунд тархаж чадсангүй өнгөрчээ. Монгол хэл албан ёсны хэл гээд байхад Түвд хэлээр маань мэгзэм уншсан хэвээрээ. Энэ бол бас л тэгш бус.
Чөлөөт байдал гэдэг эрх чөлөө болж чадвал сайн л байна. Гэхдээ энэ эрх чөлөө тэгш эрхгүйгээр хэрэгжихгүй. Тэгш эрх ч бас эрх чөлөөгүйгээр хэрэгжихгүй. Тиймээс эрх чөлөөг хэзээ ч тэгш эрхээс салгаж болохгүй. Эрх чөлөө гэдэг чөлөөтэй бодох, чөлөөтэй ярих хоёрыг урьдчилгаа болгодог. Нөгөөтэйгүүр хэн ч ямар ч шалтгаангүй баривчлагдаж болохгүй. Мухар сүсэгтэнгүүд Монгол хүний чөлөөтэй бодохыг хорьж бясалгал нэрийн дор сүсэг бишрэлд татан оруулдаг. Тухайн хүн өөрөө шүтлэгтэй байх бол эрх чөлөө. Харин бусдыг зориуд худлаа мухар сүсэгт уриалан дуудаж хомроглон барьцаалах нөгөөтэйгүүр бүлэглэн мухар сүсэгт татан оруулах бол гэмт хэрэг.
Тэгш эрх гэдэг бүгдийг тэгшлэх гэсэн ойлголт биш гагцхүү тэгшхэн боломж тэгшхэн хангамж тэгшхэн амьдралын боломж л чухал шүү гэдэг. Тэгш эрх ерөөсөө эрх чөлөөнд саад болохгүй харин хоёулаа хоорондоо нөхцөлддөг.
Монгол хүний улстөрийн эрх чөлөө болон улстөрийн тэгш байдал хоёрыг ярихад их л сонин дүгнэлтэнд хүрдэг. Монгол хүн хэрхэн Их хурлын гишүүнээр сонгогдож буй сонгуулийн үйл ажиллагааг ажихад Монгол хүнийг ингэж ч дорд хийж Монгол хүн өөрийгөө ингэж ч дорд оруулах гэждээ гэж нүд далдирам л байдаг. Тэнд юун эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл ярихтай манатай. Энд хэлэхэд Монгол хүн улстөрийн өмнөх нөхцөл байдалд байгаа гэдэг харагддаг. Жинхэнэ улстөр үүсэн хөгжиж чадсангүй.
Улстөрийн өмнөх үеийн Монголчууд улстөр гэж вэ гэсэн асуултын хамгийн энгийн хариултыг эрх ба мэдэлтэн хоёрын хоорондын харьцаа гэж л хариулах ёстой. Эрх мэдэл гэж буруу яриад байна шүү дээ. Эрх гэдэг нэг талаас иргэний эрхүүд. Жишээлбэл чөлөөт байхыг эрхжүүлэх болон энд ярьж буй тэгш байдлыг эрхжүүлэх. Нөгөө талд ард түмний сонгосон мэдэлтэнгүүд байгаа. Энэ мэдэлтэнгүүд өөрөөр хэлбэл шийдвэр гаргагчид эрх чөлөө болон тэгш эрх хоёрыг баталгаажуулах учиртай. Тиймээс энд гарах асуулт бол мэдэлтэнгүүд Монгол хүний эрхүүдийг хэрхэн хүлээн авч түүнийг ард түмний нэрийн өмнөөс хүндэтгэх вэ гэсэн моралын асуулт тавигддаг. Монгол хүний хувьд энэ бүгд үлгэр л болж хувирдаг.
Энд ярьж буй эрх чөлөө болон тэгш эрх гэсэн хоёр ойлголтуудыг тухайн хүн боловсролгүй бол энэ хоёрын хэрэг гарахгүй. Ерөөсөө боловсролгүй хүн нийгэм дотор өөрийгөө авч явж чадахгүй. Хөдөө хээр бол өөр хэрэг.
Монгол хүнийг эрх чөлөөтэй бас тэгш эрхтэй болгох гэвэл боловсролтой болгох л хэрэгтэй. Гэтэл 90 онд ардчилал эхлэхдээ Монгол хүний боловсролыг зогсоож боловсролын систем нурсан. Тухайн үед боловсролгүй залуу сайд болж боловсролын системийг ёстой нэг нурааж ард түмэндээ мөн ч их балаг тарьсандаа. Хэрэг хуучрахгүй. Хэн ч мартаагүй.

Өнөөдөр Кембриж гэж төөрөгдүүлж мөнгө идэж уусан хүмүүс хэвээрээ л. Боловсролыг устгасан 90-ээд оны хүмүүс өнөөдөр түүнийгээ засаж залруулах цаг болжээ. Өөрсдөө боловсролгүй хүмүүс хэрхэн л улс орныхоо боловсролыг утсгасан түүхэн баримт бэлэн байна шүү дээ.
Монгол хүнийг зориуд маериаллаг зүйлээр хэт хөөцөлдүүлж амьд явахад хэрэгтэй хоол унд хувцас байр орон сууцтай зууралдуулсаар боловсрол олох ямар ч цаг завгүй болгожээ. Оройн сургууль, эчнээ сургууль, мэргэжил дээшлүүлэх гээд бүгдийг устгажээ.
Техник мэргэжлийн сургууль болон техникум гээд мэргэжил олгодог байгууллагуудыг бүгдийг устгаж хэнд ч хэрэггүй их сургууль цаашлаад дээд сургууль нэртэй бөөндөж төлбөрөөр бизнэс хийсэн байгууллагууд нийт боловсролын системийг завхруулжээ.
Боловсролгүй Монгол хүнийг хэзээ ч хаа ч юунд ч ашиглаж ямар ч уурхайн хар ажилчин болгоход амархан гэдэг бол гадаадын мөнгө хүүлэгчидийн зорилго шүү дээ. Тэднийг дотоодын боосууд сүүлийн олон жил хөөргөсөндөө.
Монгол хүн гадныханаас өнөөдөр шиг ийм их хамааралтай байсангүй. Улстөрийн товчоо тухайн үедээ хувиа бодож ардчилалынхан танхайрсанаар хэт их гаднаас хамааралтай байдалд орцгоожээ.
Хөрөнгөжих гэсэн, хараа хяналтгүй болгосоныхоо дараа ард түмний өмчийг хулгайлж, гадны гар хөл болсон хүмүүс өнөөдөр утаандаа манартсан Улаанбаатарыг хөсөр болгожээ. Өөрсдөө болохоор гадаад руу өвөлжөө рүүгээ утаанаас зугатаагаад нисээд явчихдаг.
Нэгэнт мэдэлтэнүүд өөрсдийгөө бүрэн халдашгүй эрх гэх мэт өөртөө нэмэгдэл эрх өөрөөр хэлбэл иргэн гэдгээ давуулан эрхжүүлж тусгай эрх үйлдвэрлэж эхлэсэн ардчилалын осолтой араншин бол зөвхөн Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй олон улсын хүний эрхийн тунхаг гэсэн дээд зарчимыг эвдэж буй.
Үндсэн хуулиндаа тэгшхэн гэчихээд яахаараа саарал ордонд орохоороо халдашгүй болчихдог билээ? Монгол хүмүүс бүгдээрээ адилхан. Яахаараа гудамжинд явж байгаад санамсаргүй саарал ордонд орж ирж суучихаад халдашгүй байдаг билээ? Халдашгүй болж буйгийн шалтгаан юу вэ? Хэрвээ халдвал юу илэрчихгээд байна вэ?
Эрхийг мэдэлээс салгахгүй бас мэдэлийг эрхээс салгаж ойлгоогүй тохиолдолд улстөрчид ард түмний төлөө гэхээс илүү өөрийнхөө төлөө л явцгааж байна шүү дээ. Хэн нэг улстөрч ард түмний төлөө гэвэл саарал ордон яах бол?
Чөлөөт иргэд, тэгш ард түмэн гэсэн ойлголтууд бүгдээрээ Республикээс гаралтай. Шийдэх мэдэл ард түмэнд гэвэл демократи буюу ардчилал. Хуучинаар ардын засаг гэж ардчилалыг зөв орчуулжээ. Харин республикийг Бүгд найрамдах гэж буруу орчуулсан.
Яагаад өнөөдөр республик ярихгүй байна вэ? 1921 онд Ардын засаг болж ардчилсан. Харин 1949 оны дараа Бүгд найрамдах болсон биздээ. Тэгвэл 90 оны ардчилалын дараа яагаад өнөөдөр хүртэл Бүгд найрамдах болж чадахгүй явна вэ?
Эцсийн эцэст хүний эрхүүд тухайн хүнд ашиг болох ёстой. Хэрвээ ямар ч ашиг болохгүй тийм амьдралын нөхцөл байдалд оруулчихсан бол Монгол хүн энэ олон эрх чөлөө болон тэгш эрхүүдээр юугаа хийх вэ дээ. Ихэнх Монгол хүмүүсийн оршихуйн асуудал шийдэгдээгүй тул ёстой л цаанаасаа зурсан зураг гэж л мухар сүсэгээр тайлбар авахаас өөр яах вэ дээ.
Ихэнх хүмүүс тэгш эрхгүй байна гэдэг эрх чөлөөний үхэл гэсэн үг.

Advertisements

Монгол хүн ба цаг үе

Монгол хүн яагаад өнөөдөр цаг үеэ мэдрэхгүй төөрөгдөнө вэ? Монгол хүн яагаад цаг үеэ бүтээн босгож чадахгүй хуучин дассан хоцрогдсондоо хорогдоно вэ?
Цайтгайст гэсэн ойлголтыг бусад хэлнүүдэд орчуулахгүй шууд хэрэглэдэг. Үүний цаад утга бол тухайн цаг үеийн оюуны төлөв байдал гэсэн ойлголт. Тэгвэл өнөөдөр Монгол хүний оюуны төлөв байдал ямар байна вэ? Монгол хүний цаг үе тодорхой болсон уу?
Монгол хүний оюуны төлөв байдалд нөлөөлөх учиртай хамгийн чухал гурван салбар доод хэмжээнд хүртэл доройтжээ. Нэгдүгээрт хамгийн боловсролгүй хүмүүс улстөрчид болжээ. Хоёрдугаарт хамгийн соёлгүй хүмүүс урлагийнхан болжээ. Гуравдугаарт хамгийн ёс суртахуунгүй хүмүүс лам пасторууд болцгоожээ.
Боловсролгүй улстөрчид цаашид улс орныг авч явахад олигтой нөлөө үзүүлэх чадвар байхгүй. Хуучин улстөрийн кадерууд Орос оронд суралцсан диплом ганц хоёр жил Америкт байсан гэсэн үлгэр домогоос цаашгүй. Залуу үеийн улстөрчид дотоодын бүтээгдэхүүнүүд тул өнгөгүй цаашлаад бичиг үсгийн боловсрол ч үгүй. Боловсролгүй улстөрийн балаг үргэлжилж ноёд феодалын шинжтэй болсон тул баян ядуугийн хил хязгаар ихсэж хувьчлалын зорилго биелсэн бололтой.
Соёлгүй урлагийнхан байгалийн төрхөөсөө салж соёлт төрх рүү очиж чадалгүй амитанлаг төрхөндөө баригдсаар л. Амитанд л бодох бодол байхгүй байгалийн сэрлүүдээрээ л өдөр өнгөрөөдөг. Соёлт хүн болж чадвал толгой ажиллаж бодох ухаан хөгжинө. Бодохгүй ухаан байгалийн төрхөндөө тул агуйн амидрал үргэлжилж агуйгаас гарч гэрэл үзэж гэгээрэх боломж дутагдана. Драмын театр драма тоглохгүй хүүхдийн театр хүүхэд хүмүүжүүлэх чадваргүй болцгоожээ.
Ёс суртахуунгүй лам нар тэргүүлж сүүлд шинээр төрсөн пасторууд нийлж хүнийг л дарж, доромжилж, хоосон мөргүүлж, ирээдүй байхгүй мухар сүсэг рүү хуйлруулна. Шашин хэнд ч хэзээ ч тус болж яваагүй зөвхөн тайлбар хийж сэнхрүүлж л явсан. Хүний хувь заяа зураг төөрөг бол шашны үүрэг даалгавар биш. Шашин хүнийг төрж үхэх хоёрт л тайлбар өгөх үүрэгтэйгээр байгуулагдсан. Түүнээс биш эмчилж эдгээж туслаж дэмжих бол шашны даалгавар биш. Майдар бурхан юу ч чадахгүй бас юу ч хийж бүтээхгүй. Майдар бурхан ганц ширхэг ном бичиж үлдээж хүн ардыг соён гэгээрүүлж чадаагүй.
Монгол хүн ба түүний цаг үе өнөөдөр иймэрхүү л байна. Боловсролгүй улстөр улам даамжирч улам л боловсролгүйчүүдийн эгнээ өргөссөөр л. Соёлгүй урлагийнхан хүмүүний сэтгэлийн сурган хүмүүжүүлэгч болж чадалгүй доод ухаандаа хүлэгдэн сайн сайханыг уриалж чадахгүй муу муухайг сурталчилсаар. Худлаа л бол мөн бохир л бол жинхэнэ урлаг болжээ. Ёс суртахуунгүй лам нар хүний мэдрэмжийг хөгжүүлж сайхан зүйл харж эелдэг зүйл мэдрэх тэр мэдрэмжийг устгаж зөвхөн айдас дээр тоглож мухар сүсгийн золиос болсон ээж аавуудаас эхлээд эмээ өвөө нар залуу үеийг өсөж хөгжихөд саад хийсээр л. Сурч хөдөлмөрлөж мэдлэгтэй бол гэж залуу үеийг сургахын оронд лам руу дагуулан очиж үр хүүхдээ мухар сүсэгт барьцаалан өгдөг шинэ амидралын хэв маяг тогтсон зан заншил болсон мэт.
Хөгшин залуу нийлсэн боловсролгүй улстөрчид Улаанбаатар хотыг сүүлийн 20 хүрэхгүй жилийн дотор утаат болгосон. Утаат Улаанбаатарын утаатай иргэд утаагаар амисгалж утаагаар үнэртэж утаа ханхлуулан явах хирнээ намуудад дарлуулсан хэвээр л. Утаа үнэртсэн хүний ухаан яаж ч сэргэг сэлүүхэн байх билээ. Улстөрчидийн жил жилээс арилгах хүсэлгүй утааны зорилго биелж Монгол хүнийг утаат хүн болгожээ. Гадаад орон луу нисэхийн өмнө онгоцны буудал дээр утаанаасаа салах гэсэн хүсэл бүтэлгүйтэж утаагаа үнэртүүлэн гадаадын онгоцны буудал дээр бууцгааж ямар орны хүн гэдгээ утаагаараа л таниулна.
Энгэр дүүрэн шагнал төрийн соёрхолтоос авахуулаад МУГЖ хүртэл биеэ чимсэн хөгшин залуу урлагийнхан соёлыг яагаад эзэмшиж чадсангүй вэ? Яагаад Улаанбаатарын гудамжаар дүүрэн нус цэр цацаастай байна вэ? Энэ ямар соёл вэ? Хурал зөвлөлгөөн эсвэл концерт цуглаан хаана л очно вэ хэсэг хугацааны дараа хүмүүсийн хөлс гарч хачин үнэр танар тархаж буйг ямар соёл гэх вэ? Хаа л бол хог новш муруй далий. Энэ чинь нөгөө гоо сайханы онолтой харш биш билүү. Урлагийнхан гоо сайханы тухай яагаад буруу ойлголттой явна вэ? Гоо зүйн хичээл ордог гэчихээд хамгийн их гоо зүйгүй хүмүүс урлагийнхан л байна шүү дээ. Нийгэмд яагаад гоо сайхан авчирсангүй вэ?
Ёс суртахуунгүй лам нарын түүх яривал их л урт түүх яриндаа. Сүм хийдээс үр хүүхдээ салгаж сургуулийн танхимд оруулсан Монгол хүний өрөвдөлт түүх ердөө л 70, 80 хүрэхгүй жилийн өмнө шүү дээ. Тоо физик, хими биологоос авахуулаад астроном агроном гээд л олон мэргэжлүүдийг лам нар хоцрогдсон үеэрээ буруу тайлбарласаар л. Философоос авахуулаад социолог антрополог гээд хүн төрөлхтөний ямар сайхан мэргэжлүүд Монгол хүмүүст хэрэгтэй байна вэ? Энэ бүгдийг бас л лам нар мэдэмхийрч Их сургуулийн профессор нэртэй мухар сүсэгтэнүүдтэй нийлж арга билиг билэгдэл гэж гутаасаар л. Хуманизм, классик, модерн, авангард гээд л нийгмийн чухал мэдлэг мэргэжлүүдийн үнэ цэнийг алдагдуулсаар л.
Шашны номоор бол хамгийн найр цэнгээнд дургүй хүн лам байх ёстой. Шашны номоор хамгийн өлсгөлөн мацаг барьдаг хүмүүс л лам болох ёстой. Шашны номоор хамгийн шуналгүй өглөгч хүн л лам байх ёстой. Шашны номоор хамгийн цэвэрч нямбай хүн лам байх ёстой. Шашны номоор хамгийн сахилга бат дэг журамтай хүн л лам байх ёстой. Лам хүнийг харж л хүн дур хүсэл шунал тачаалаа барьж сурах агуулгатай. Гэтэл Монгол лам нар ёс суртахууныг алдагдуулж нийгэмд шашны нэр хүндийг алдагдуулжээ. Ялангуяа Гандангийн ойр орчимын хог новш овоорч ямар ч ариун зүйлгүй. Мөнгөөр л үйлчилдэг сэтгэлээр биш лам нар Буддын шашиныг гэгээрэлийн биш харанхуйралын газар болгожээ.
Монгол хүн ба түүний цаг үе шинэ эхлэлийн өмнө ирсэн мэт. Цаг үеэ мэдэрч 21-р зууны Монгол хүн болох гэвэл хуучин, хоцрогдсон, эртний, өвөг дээдсийнүүдээс салж ангижирч чөлөөлөгдөж урагшаагаа л харах тэр боломжийг бүтээх цаг иржээ. Боловсролгүй улстөрийн балаг, соёлгүй урлагийнханы төөрөгдөл болон ёс суртахуунгүй лам нарын гэмт үйлдэлүүд Монгол хүний цаг үеийг хулгайлжээ. Хулгайлагдсан цаг үе тодорхойлох нийгэм үгүйлэгдэнэ.
Монгол хүн цаг үеэ бүтээн босгоход хоёр зүйл юун түүн хэрэгтэй болжээ. Нэгдүгээрт бухимдал, хоёрдугаарт зүтгэл. Бүгдээрээ хангалттай бухимдаж байж л урагшлана. Бүгдээрээ зүтгэлтэй байсан цагт л шинэ нийгэм бүтээн босгох боломж гарна. Болж л байна эсвэл хийж л байна гэвэл юу ч урагшлахгүй. Шүүмжлэл хүнийг өөдрөг болгоно. Шүүмжлэхгүй бол уруудна.

Хүчтэй төр л Монгол хүний чөлөөт байдлыг эрхжүүлж чадна.

Хүн чөлөөтэй байхын тулд төр хэрэгтэй. Төр хүний чөлөөт байдлыг эрхжүүлнэ. Эрхжүүлж чадсан чөлөөт байдал эрх чөлөө болох боломжтой. Эрхгүй чөлөөт байдал бол заль мэх сэргэлэнтэхээс авахуулаад хулгай дээрэм хүртэлх дур зоргын омогтой огшсон доргисон хүмүүсийн үйлдэл болж хувирна.

Хүчтэй төр байж чадвал хүчтэй иргэн үүснэ. Хүчтэй иргэн чөлөөтэй байж чадна. Хүчтэй төр гэдэг бол мэдлэгтэй, боловсролтой, чадвартай, ядаж ганц гадаад хэлээр ярьж чаддаг өөрөөр хэлбэл орчуулагчийн боол болдоггүй тийм л хүмүүс төрийн удирдах албанд ажиллахыг хэлэх жишээтэй. Хүчтэй төр шударга ёсны төр байх ёстой доо. Мэдээж хүчтэй төрийг бүрдүүлэх төрийн хүмүүс хотжсон хүмүүс байх ёстой. Хотжсон гэдэг бол иргэншсэн гэсэн үг. Монгол хүмүүс социализмын үед хотжиж иргэншсэн хэдий ч ардчилалын үед зэрлэгшиж нэг нэгийгээ 30 аад оноос илүү их хэлмэгдүүлсэн дээ. 9?-ээд оноос хойш өнөөдөр хүртэл боловсролгүй төрийн боловсролгүй ардчилалаар явж ирлээ. Тиймээс хэрхэн боловсролтой ардчилалтай болж хүчтэй төрийг бүтээх вэ гэдэг төрөөс цалин аваад төрийг төлөөлөөд явж буй тэр л хүмүүсээс хамааралтай.

Чөлөөт байдал гэдэг хүний нийгэм буюу хүмүүний нийгэм үүсгэнэ. Чөлөөт байдал гэх Англи хэл дээр “Freedom” гэсэн харин Латинаар “Liberty” гэдэг ойлголт олон зуун жилийн түүхтэй бөгөөд Монгол хүн дөнгөж л социализмын үед чөлөөт байдлаа эрхжүүлж чадсан. Үүний үр дүнд Монгол хүн эмнэлэгт үзүүлж эрүүл явах боломжтой болсон ба сургуулийн танхимууд үүсэж Монгол хүн бичиг үсэгтэй болох боломжоор хангагдсан. Бичиг үсэггүй байсан олон зуун жилийн түүхэндээ Монгол хүн ямар л эрх чөлөө ярих билээ.
Тэгш байдал гэдэгтэй адил чөлөөт байдал бол нэг бол эрхтэй эсвэл эрхгүй. Хүний тэгш байдал эрхээр хангагдвал тэгш эрх болно. Харин хүний чөлөөтэй байхыг эрхээр хамгаалсаныг олон улсын хэллэгээр либертари, либерализм гэх мэтээр нэрлэдэг.

Чөлөөт байдал бол дураараа дургиж зэрлэг хэлбэрт орохыг хэлэхгүй. Хөдөө морьтой давхиж яваа хүн чөлөөт биш харин дураараа. Түүнд ямар ч эрх чөлөө байхгүй. Мэдээж Монгол хүний өнөөгийн нийгэмд чөлөөт байдал болон тэгш байдал гэсэн хоёр ойлголт хууль эрхийн мэргэжлийн түвшинд тайлбарлаж тодорхойлж чадаагүй тул бүрхэг хэвээр.

Эрхтэй байх ёстой чөлөөт байдал гэдэг хүн өөрөө биеэ даагаад ажиллаж амидрах боломжтой байх ёстой. Үүний тулд бас хэнээс ч юунаас ч хамааралгүй сурч боловсрох боломжоор бүрэн хангагдасан байх чухал. Үүнийг бас л төр баталгаажуулна. Зуун жилийн өмнө болон түүнээс өмнө Монгол хүнд хэзээ ч ийм чөлөөт байдал байсангүй. Зөвхөн социализмын үед л Монгол хүн сурч боловсрох чөлөөт байдалаа эрхтэй болгож чадсан.

Өнөөдөр Монгол хүн сурч боловсрох гэхээр чөлөөт биш. Яагаад гэвэл оюутны тэтгэлэг яагаад ч залуу хүмүүсийг ээж ааваасаа хамааралгүй өөрийгөө аваад явах тийм боломж олгох хэмжээнд биш. Тиймээс залуучууд чөлөөт биш харин бусдаас хамааралтай. Ээж аавууд ч гэсэн өөрсдөө цалингаараа хангалттай амидрах тийм боломжгүй тул тэдэнд нийгмийн чөлөөт байдал байхгүй. Цалин амидралд хүрэхгүй байна гэдэг бол чөлөөт байдал биш баригдмал боогдмол болон хоцрогдсон байдалд орхигдсон гэсэн ойлголт.

Өнөөдөр Монгол хүний чөлөөт байдлыг эрхжүүлэх тэр хүчтэй төр хэрэгтэй болжээ. Чөлөөт байдал гэдэг сонгох болон шийдэх чөлөөт байдал. Хүн өөрийн гэсэн сонголт хийх тийм боломж Монгол хүнд бий билүү? Хүн өөрөө бие дааж шийдэх тэр шийдэл Монгол хүнд бий билүү? Цалин амьдралд хүрэхгүй байхад ямар сонголт ярих вэ? Оюутны тэтгэлэг хүрэлцэхгүй байхад ямар өөрийн шийдэл ярих билээ.

Хятад, Япон, Өмнөд Солонгос гэх мэт орнууд 20-р зууны эхэн болон дунд үед ядуу мөнгөгүй л байцгаасан. Гэхдээ тэдэнд хоёр зүйл байсан. Нэгдүгээрт тэдэнд эрдэм байсан. Энэ бол тэвчээр хатуужил болон сурч боловсрох хичээл зүтгэл. Хоёрдугаарт тэдэнд мэдлэг байсан. Энэ мэдлэг улс орноо бүтээн босгож хүн бүрийг ажил хөдөлмөртэй болгож чаджээ. Ингэж эрдэм мэдлэгтэй хослож чадвал улс орон хөгжинө. Азийн энэ орнууд өөрсдөө бол эрдэмтэй байсан. Харин мэдлэгийг Өрнөдийн орнууд ялангуяа Европоос суралцсан. Монгол хүний хувьд эрдэм гэдэг байхгүй тул зөвхөн үлгэр домог яриж зан заншил уламжлалт ёсондоо баригдсан. Түүнээс өөр дээгүүр эрдэм үгүйлэгддэг. Мэдлэгийг Өрнөдийн орнуудаас очиж сурах гэхээр төрийн зохимцуулалт байхгүй. Яагаад гэвэл төрийн үйл ажиллагааг намууд зогсоосон. Тиймээс Монгол хүн намуудад баригдсан тул чөлөөт биш.

Либерализмыг яриад буй хүмүүс зөвхөн улстөрийн талаас л ярихаас биш ёс суртахууны либерализм, нийгмийн либерализм, ажил хөдөлмөрийн либерализм болон мэдлэг боловсролын либерализм ярихгүй байх жишээтэй. Тэдний ингэж туйлшрахыг харахад гайхмаар явцуу боогдмол харагддаг. Мэдээж тодорхой тооны залуу үеийг улстөржүүлж хайрцагладаг тул либерализм гэсэн гоё ганган үгээр дамжуулан зөвхөн нэг л зорилготой байдаг. Тэр зорилго бол намын дэргэд намын сүүдэрт хүүхэлдэй болон амидрах гэсэн залуусын өрөвдөлтэй нөхцөл байдал шүү дээ.
Хүний чөлөөт байдал гэдэг төрийн зорилго болохоос тухайн хүний хувийн асуудал биш. Дураар дургих бол хувийн хүсэл. Харин чөлөөт байдал нийгмийн үнэт зүйл. Нийгэм байхгүй бол өөрөөр хэлбэл төрт нийгэм байхгүй бол чөлөөт байдал ярих ямар ч боломжгүй. Мэдээж Монгол хүн төрт нийгэмтэй зөвхөн социализмын үед л танилцсан. Түүнээс өмнө хэзээ ч Монгол хүнтэй төрт нийгэмтэй байсангүй.

Чөлөөт байдал гэж юу вэ гэдгийг эхлээд тодорхойлж чадвал түүний дараа эрхээр хамгаалах уу эсвэл эрхээр хорих уу гэдэг асуудал шийдэгдэнэ.
Монгол хүний мэдэж боловсрох гэсэн тэр чөлөөт байдал хоригдож мухар сүсэг хэтэрхий ихсэж ШУА болон Их дээд сургуулиудыг эзлэжээ. Нийт хүмүүс маргаашийн ирээдүйгээ төлөвлөж чадах хөрөнгө мөнгөгүй тул айдастай. Тэр айдас дээр мухар сүсэгтнүүд тоглодог. Монгол хүн огторгуй руу харж хүн төрөлхтөний бүтээсэн физикийн мэдлэгийг сонирхож чадахгүй явсан хэвээр.

Монгол хүнийг хэзээ ч хүн төрөлхтөний бүтээсэн соёл иргэншилийн ололт амжилттай танилцуулахгүй хөндийрүүлсэн бараг л үл тоомсорлуулсан олон хүмүүс өнөөдөр нийгэмд худал мэдээлэл хийж иргэдийг мэдлэг боловсрол авах ёстой эрхтэй чөлөөнөөс хөндийрүүлж эрхгүй болгосооор л.

ШУА яагаад мухар сүсэгтэнүүдийг зөвшөөрч тэдний эсрэг ажил хийхгүй байна вэ? Их дээд сургуулиудын профессор нэртэй хүмүүс яагаад оюутнуудад мэдлэг боловсрол хүргэж мухар сүсэгтэнүүдийн эсрэг арга хэмжээ авахгүй харин ч өөрсдөө мухар сүсэг тарааж арга билиг эсвэл бясалгал гэх мэт явцуу хоцрогдсон ойлгомжгүй зүйлс сурталчилсаар л байна вэ?
Мэдээж өнөөдөр Их дээд сургуулиудыг төгссөн залуу үе шууд сэхээтэн болох боломж алга. Яагаад гэвэл их дээд сургулиудын профессоруудад сэхээтэний туршлага байхгүй. Тэдний ихэнх гадаад оронд мэдлэг боловсролоо шалгуулж хүн төрөлхтөний мэдлэг боловсролтой танилцаж хүлээн авах чадваргүй.

Төр байхгүй бол хүн чөлөөтэй байх ямар ч боломжгүй. Мэдээж дураараараа дургиж чадаж байхад арга алга гэх боломжтой. Английн философич Хоббес төр хүмүүст чөлөөтэй байх тэр эрхийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ. Мэдээж чөлөөт байдал бол хүн хөгжих чөлөөт байдалыг хэлсэн болохоос омогшиж огшиж доргиотохыг хэлээгүй.

Монгол хүний хувьд төр гэсэн ойлголттой анх удаагаа социализмын үед л танилцсан. Түүнээс өмнө төр биш овог аймаг, ноёд хаад гэх мэт хэсэг хүмүүсийн нийлсэн нутгархасан болон нийлж дайн байлдаан хийсэн дайны амьдрал нийтлэг байсан. Энэ тухай Америкийн улстөр судлаач Фукуяама “Улстөрийн журам” номондоо бичжээ.

Монголчууд 90 оны ардчилал нэртэй шинэ амьдралын хэв маягийг ирээдүйгээ болгон цоо шинэ нийгмийг байгуулж чадалгүй буцаад феодализм руу унаж хөөрөг гартаа атгасан ноёд феодалын нийгэм рүү хуйларсан. Нэгэнт социализмыг зэрлэгээр нураасан тул хүн төрөлхтөний мэдлэг боловсролыг хамт нураасан. Өнөөдөр олон хүмүүс социализмтай хамт үнэт зүйлсээ булшилж хаясанаа бага ч гэсэн ойлгож эхлэж буй бололтой.

Хүн төрөлхтөний мэдлэг боловсрол болон соён иргэншилийн ололт амжилтуудыг боловсролын системд буулгаж чадвал ирээдүй бага ч гэсэн хонгилийн цаадах гэрэл мэт харагдаж эхлэх болов уу. Үүний тулд Монгол хүнд маш их хийх зүйл байна даа. Үүний тулд тэвчээр хатуужил хичээл зүтгэл гээд л олон эрдэмүүд хэрэгтэй болохнээ. Бид өөрсдөө эрдэмтэй болчихвол шаардлагатай мэдлэгийг гаднаас суралцана шүү дээ.

Чөлөөт байдлын цаана өөр нэг чухал ойлголт бол “Freewill” нэртэй тухайн хүний ухааны чөлөөт үйл ажиллагаа. Хүний ухаан чөлөөтэй ажиллаж чадахгүй байвал өнөөдөр тийм хүнийг бие даасан хувь хүн гэх ямарч боломжгүй. Гэтэл өнөөдөр хүртэл Англи хэлний орчуулагчид олигтой орчуулж чадсангүй. Ингээд орчуулгын чөлөөт биш харин ч хоцрогдолд оржээ…

“Мухар сүсэг” ялж “Боловсрол” ялагдсан уу? № 2: Монгол хүн бичиг үсэгтэй болсоны ашиг гарсангүй шив.

Монгол хүн бичиг үсэгтэй болсоноор өөрийгөө хөгжүүлж хүмүүнлэг энэрэнгүй иргэн хүн болох ёстой байсан. Гэтэл мухар сүсгийн номууд уншаад байвал хүн хэзээ ч хөгжихгүй харин ч бичиг үсэггүй хүнээс илүү дордоно. Сонин уншиж буйгаа бичиг үсэгтэй болсоны ач гэвэл ёстой л инээдэм. Сонин бол хүнийг хөгжүүлэх зорилготой биш.
Мухар сүсгээс салгахын тулд боловсрол хэрэгтэй. Энэ боловсролыг бичиг үсгээр олж авна. Гэтэл Монгол хүн 70 гаруй жилийн өмнөөс анх удаагаа нийтээрээ бичиг үсэгтэй болсоны хэрэг өнөөдөр яагаад гарахгүй байна вэ?
Өнөөдөр Монгол хүн бичиг үсэгтэй боллоо гээд юу уншина вэ? Юу ч уншихгүй өөрөөр хэлбэл мэдлэг боловсролын тухай уншиж боловсорч чадахгүй байна гэвэл бичиг үсэгтэй болсоны хэрэг байна уу?
Өнөөдөр олон нийтэд зориулсан мэдлэг боловсролын хэдэн ширхэг ном долоо хоног бүр цаашлаад сар бүр хэвлэгдэж байна вэ? Тэгвэл мухар сүсгийн хичнээн ном сүүлийн 20 гаруй жилийн дотор хэвлэгдэж Монгол хүнийг боловсролоос бүрэн холдуулж чадсан бэ? Ямар номнууд Монгол хүнийг мухар сүсэгтэй болгож залуу үеийн хөгжлийг зогсоож ээж аав нарыг гүн мухар сүсэгт унагаав? Хэн?
Ямар ч хамаагүй боловсролын эсрэг мухар сүсэгийн номнууд танин мэдэхүй, оршихуй, хоосон чанар гээд л олон номууд тавиур дүүрэн. Зохиолч нэртэй хүмүүсийн бөө шүтээн шүгдэн сүсэг гэсэн оюуны доод хэмжээнд боловсролын эсрэг номууд хэвлэгдсээр л түүнийг уншиж тархиа хордуулсаар л. Үүний тулд бичиг үсэгтэй болсон гэжүү? Уншаад тэгээд юу ойлгов? Уншаад тэгээд ямар шинэ зүйлийг мэдэж авсан бэ?
Монгол хүн өөрийгөө хөгжүүлж ухаанаа цэнэглэхгүй хий хоосон ямар ч утгагүй ямар ч баталгаагүй зүйл уншаад хэрэг байна уу? Хамгийн аюултай Монгол хүний тархийг доод хэмжээнд байлгадаг уншлага бол сонингууд. Монгол хүн сонин унших ямар хэрэгтэй юм бэ? Сонин уншихгүй байж болно биздээ? Сонингуудыг хэн бичиж яах гэж бичиж яагаад бичиж буй гэдэг тодорхой шүү дээ. Монгол хүн зөвхөн сонин унших гэж бичиг үсэгтэй болоогүй биздээ. Ямар том эндүүрэл ямар их харамсал вэ.
Монгол хүн бичиг үсэгтэй болсон 40-өөд он тийм ч сайхан эхлээгүй. Ялангуяа лам нар Монгол хүнийг боловсролтой болж сүм хийдээс хөндийрнө гэдэгт маш дургүй байсан. Тэд хүүхэд залуучуудыг бичиг үсэгтэй болж сургуульд орно гэдэгт зөвшөөрөхгүй тэр үеийн бичиг үсэггүй ээж аав нарыг мухар сүсэгтүүлж нийгмийн хөгжлийг олон жилээр ухраасан.
Лам нарын хажуугаар баяд ноёдууд ард түмнийг бичиг үсэгтэй болж боловсрол эзэмшинэ гэдгийн эсрэг үхэн хатталаа тэмцсэн. Яагаад гэвэл зөвхөн баяд ноёд феодалуудын хүүхдүүд бичиг үсэгтэй байсан тул тэд ард түмэнд их л мундаг харагддаг байсан. Гүрсэд бичиг үсэгтэй харин “Түмний нэг” Чимид бичиг үсэггүй шүү дээ.
Өнөөдөр лам нарч мөн баяд ноёдууд ч бас л нийт нийгмээс тасарч ард олныг мухар сүсэгтэй болгож боловсролоос хөндийрүүлсэн үйл ажиллагаа улам л хүчтэй боллоо. Баяд ноёдууд хүүхдүүдээ Америк Англи гээд л өндөр үнэтэй сургуулиудад сургаж буй бол бас л нийгмийн дээд хэсэгт байрлуулах гэж буй муу хар санаа. Тэр бүтэхгүй. Өнөөдөр мэдлэг боловсролтой болоход тийм ч их мөнгө хэрэггүй. Жишээлбэл Герман оронд боловсрол үнэгүй шүү дээ. Тиймээс тэнд ноёд феодал байхгүй.

Их дээд сургуулиудын танхимаар мухар сүсэг тараасан лам нар холхилдсоор л. ШУА гэж байгууллага лам нарт бүрэн бууж өгчээ. ШУА хүн төрөлхтөний мэдлэгийг төлөөлж чадахаа больжээ.
Монгол хүн бичиг үсэгтэй болсон ч гэсэн тохиолдож буй хамгийн том аюул бол уншаад буруу ойлгодог. Нөгөөтэйгээр буруу ойлгосон хүмүүсийн номууд ч бас номын сангаар дүүрэн. Бичиг үсэг сайн хэрэг харин буруу ойлгох бол жинхэнэ мухар сүсэгтэнүүдийн том зэвсэг. Буруу ойлгуулах зорилготой зөвхөн үгээр тоглодог мухар сүсэгтэнүүд нэг талдаа улстөрчидтэй төстэй.
Үг яах вэ түүний утга гэдэг хамгийн чухал асуудал. Яагаад Монгол хүн зөвхөн үгийг л чухалчилж харин утгыг чухалчилахгүй явж ирцгээв? Үгийн утгыг тайлбарлаж чадаагүй ерөөсөө чадахгүй хүмүүс бол хэлнийхэн. Тэдэнд үгийн утгыг тайлбарлах мэргэжил байхгүй. Хэлнийхэн яаж бусад мэргэжилийн үгнүүдийг тайлбарлаж чадах билээ. Энэ алдааг эхлүүлсэн хүмүүсийн жишээ бол Монгол хэлний тайлбар толь бичиг шүү дээ.

Монгол хэлний тайлбар толь бичиг гэдэг нэртэй зузаан ном бол зөвхөн үгийн цуглуулга болохоос биш утгын тайлбар биш. Утгагүй үгээр дүүрсэн энэ Монгол хэлний хүмүүсийн ном бол доод хэмжээнд хийгдсэн ядуухан толь бичиг.
Үгийн утга гэдэг биеэ даасан мэдлэгийн салбар. Үгэнд итгэж үгэнд үнэмшиж сурсан Монгол хүнийг мухар сүсэгтэнүүд болон улстөрчид жинхэнэ хүүхэлдэй тоглоом болгодог жишээ олон бий. Яагаад үгийн утга чухал вэ гэхээр утга өөрөө үгнээс цаагуур ойлголт. Тиймээс цаад утгыг ойлгох чухал.
Монголын зүйр цэцэн үг гэдэг нэртэй “Ертөнцийн гурван цагаан” гэсэн хэдэн мөртүүдэд ингэж бичсэн байдаг:
Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан.
Үүгээр юу хэлнэ вэ? Үүний утга юу вэ? Цагаан гэсэн үгийн цаад утга бол үнэн гэсэн ойлголт. Энэ мөртүүдийг уншаад бичиг үсэгтэй хүн юу гэж ойлгох вэ? Үүнийг ойлгох ойлголт бол юм болгон өөрийн цаг хугацаатай гэсэн ойлголт. Хүн залуу явна тэр цаг төгсөнө. Хүн нас ахиж хөгширнө. Эцэстээ хэн ч гэсэн үхнэ.
Монгол хүн нэгэнт үхлийн тухай маш буруу ойлголттой явж ирсэн. Үүний шалтгаан бол нэгэнлэг Монгол шашин үүсэх боломж гараагүй. Тиймээс Буддын, Христийн, Лалын гээд бүх шашинуудыг холиж хутган хүлээн авч ирсэн. Хэзээ ч шашиныг ойлгоогүй. Тэр тухай ойлгуулах гэж бичсэн ном ч байхгүй байдаг.
Яагаад өнөөдөр Христийн шашин амжилттай байна вэ гэвэл тэд библийг Монгол хэл дээр буулгаж чадсан. Яагаад Буддын шашин мухар сүсэг хэвээрээ үлдсэн гэхээр Монгол хэлэнд орчуулах дургүй. Яагаад гэвэл ид шид цаашлаад ер бусын гэдэг хүмүүсийг айлгах мухар сүсэг устаж Буддын шашины мөн чанар танигдах гээд байна шүү дээ.
Монгол хүн үгэнд итгэж үгийн утгыг ойлгохгүй яваагийн ганц хоёр жишээ татахад ийм л байна. Үгийн утга гэдэг хэлсэн үгээр цаанаа юуг төлөөлүүлж хэлэв гэдгийг ойлгох. Хайр гэсэн үгээр асар том онолыг төлөөлүүлсөн. Хайрын тухай мэдэх гэвэл ном унших ажил гарна. Ном унших гэдэг хөдөлмөр. Гэтэл Монгол хүн ном уншиж буй хүнийг юм хийгээ ч бүтээгээ ч гэж баллаж ухааны хөгжлийг зогсоодог. Хөгжөөгүй ухаан яадаг тухай Монголчуудын өрөвдөлтэй түүхээсээ мэднэ шүү дээ.
Мэдээж хайр гэхээр хийсвэр гэж болохгүй. Хайр бол бодит. Юугаар бодит вэ гэхээр хийж буй үйлдэлээрээ бодит. Хайр байхгүй биш байгаа. Тиймээс байгаа гэдгийг батлахын тулд хайр үзсэн байх хэрэгтэй.
Үгийн утгаар бодол утгажина. Үнэхээр утгагүй үгээр бодол явагдахгүй. Үгийн утгыг ухагдахуун цаашлаад нэр томьёо ч гэж буруу тайлбарладаг. Ухагдахуун гэдэг ухаж ойлгох. Харин үгэнд томьёо гэж байхгүй харин ойлголт л гэж бий.
Ширээ гэсэн үгээр энэ дэлхийн олон сая ширээнүүдийг дөрвөлжин ч бай эсвэл дугуй ч бай төлөөлүүлдэг. Үүнийг абстракцлах гэж нэрлэдэг. Үүгээрээ ширээ хийсвэр гэсэн ойлголт биш. Ширээг ухаандаа янз бүрээр абстракцлах боломжтой. Яагаад гэвэл бодит учраас. Бурханыг абстракцлаж болно. Өөрөөр хэлбэл хийсвэрлэж болно. Гэхдээ хүнтэй адилхан царайтай хийсвэрлэдэг. Гэтэл хүний нүүр гэдэг бодит. Тэгвэл бурхан гэдэг үгээр юуг төлөөлүүлнэ вэ?
Үгийн утга зөв байж чадвал өгүүлбэр үнэн болох боломжтой. Худлаа өгүүлбэр хэлэх шаардлага байна уу? Монгол хүн бичиг үсэгтэй болсоноор ярианы хэл бичгийн хэл болох ёстой байсан. Гэтэл зурагтаар яриж буй хүмүүсийг харахад ярианы хэл бичгийн хэл болж чадаагүй гэдэг тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл Монгол хүн ярианы хэлний түвшинд л үлджээ.
Монгол хэлний хүмүүс үгээр тоглож үгийг утгагүй болгож хаясаны гай гэвэл өнөөдөр бичгийн хэл хөгжиж чадсангүй. Тийм ч учраас нийт хүмүүс ном унших соёлтой болж чадсангүй. Ном соёл биш гоёл болсон.
Яагаад ном анх хэвлэгдэж эхэлсэн бэ гэхээр нэгэн ойлголттой болох зорилготой хэвлэгдсэн. Гэтэл Монгол хүмүүс дэлхий дээр ном хэвлэгдсэнээс хойш даруй 500 жилийн дараа ном уншаад бүгдээрээ буруу ойлгоод хүн бүр өөрийн ойлголттой байх ёстой гэж мухар сүсэглэдэг. Өнөөдөр МУИС-ын хоёрдугаар байранд оюутнууд ном уншаад бүгдээрээ буруу ойлгочихсон сууж байдаг. Яагаад гэвэл тэдэнд лекц нэртэй худлаа өгүүлбэрүүд профессор нэртэй худлаа багш хоёр нийлээд ухаан хордуулдаг. Ухаан хордсон оюутнууд сургуулийн хаалгыг ардаа орхин диплом өвөртлөн нийгэмд орж ирдэг. Ингээд нийгэмийн хордолт үргэлжилдэг. Боловсрол болохоо байсан шүү дээ. Хийх ажил мөн ч их байна даа.
Ном оюун тэжээл болох ёстой. Оюуны тэжээл авч чадахгүй Монгол хүн өнөөдөр энэ дэлхийн хамгийн их мухар сүсэгтэй хүмүүс болж хувирсан. Жинхэнэ хүнлэг шашинууд орж ирсэнгүй. Жинхэнэ хүнлэг шашин орж ирсэн бол Ганданд очсон хүн нэг ч төгрөг төлөх ёсгүй.
Үгийг хүн эхлээд сонсоно. Түүний дараа мартахгүй санах санамж чухал. Санамж гэдэг ухаанд буй. Одоо сонссон үгийг ухаандаа бодож боловсруулах хэрэгтэй. Түүнийхээ дараа ойлгосон гэдэг чухал. Ойлгож авсан бол түүнийгээ батлахынтулд одоо буцаагаад өгүүлбэр болгон хэлж эсвэл бичиж чадах гэдэг боловсролтой хамаатай.
Бичгийн хэлэнд орчуулга гэж байдаг. Харин ярианы хэлэнд орчуулга биш тайлбар өөрөөр хэлбэл интерпретац гэж л бий. Гэтэл Монгол хүмүүс хүний ярисан зүйлийг гадаад хүмүүст орчууллаа гэж буруу ярих жишээтэй. Орчуулгын тухай яривал энд дахиад олон хуудас бичих ажил гарна. Дараа ярилцах чухал сэдэв.
Монгол хүн бичиг үсэгтэй болсоны ач тусыг хэрэглэж мухар сүсгээс чөлөөлөгдөж боловсролтой болох тийм л шийдвэрлэх цаг үе ирждээ. Шинийг авч хучнаа ардаа орхих тэр зориг хатуужил үгүйлэгдэнэ.
Бичиг үсэгтэй болсон гэдэг сайн хэрэг харин юу ч уншихгүй бол бичиг үсгийн хэрэг байна уу?