Тэгш байдал эрхжиж “тэгш эрх” болох цаг болжээ.

Тэгш байдал гэж Үндсэн хуулийн эхний хэсэгт тусгажээ. Тэгш эрх гэсэн социализмын үеийн орчуулгыг энэ удаа тэгш байдал гэжээ. Харин хуулийн өмнө эрх тэгш гэжээ. Олон улсын “egalite” гэсэн ойлголтыг ингээд л ганцхан үгээр бичээд боллоо юу? Тэгш байдал гэсэн энэ ойлголт зөвхөн хуулийн өмнө бүгдээрээ адилхан гэж хэлэхээс илүү их зүйлийг хэлдэг шүү дээ.
Хүмүүс хэзээ ч хаа ч бүгдээрээ адилхан өөрөөр хэлбэл тэгшхэн гэсэн ойлголт бол хэнийг ч илүүд үзэж болохгүй, хэнд ч илүү хангамж илүү эрх олгогдож болохгүй гэсэн ойлголт. Түүнээс гадна хэн ч тусгай эрх өөрөөр хэлбэл хуулийн гадуур онцгой эрх эдлэж болохгүй. Ингэж байж л төр улс нийгэм үүсэх боломжтой. Тэгээгүй гэвэл эртний зэрлэг дундад зуун эсвэл Монгол хүний сайн мэдэх ноёд феодалын үе л хэвээрээ гэсэн ойлголт.

Үндсэн хуулинд ингэж хуулийн өмнө бүгдээрээ адилхан бөгөөд бүх хүн адилхан эрхтэй гэдгийг хуулийн өмнө эрх тэгш гэж маш товчилж бичжээ. Үндсэн хуулийг философийн мэргэжлийн хүмүүсийн зөвлөлгөөгөөр эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл гэсэн гурван ойлголтыг тайлбарлуулан хийгээгүй тул хүн төрөлхтөний гурван том ойлголтыг хагас дутуу товчлон бичжээ. Товчилж болох. Гэтэл тайлбар байхгүй бол ойлгох боломжгүй. Өөрөөр хэлбэл хүн бүр өөрийнхөөрөө ойлгох алдаа гарна. Мэдээж тухайн үедээ философич байгаагүй ч гэсэн Өрнөдийн орнуудаас философич авчирч тайлбарлуулах боломжтой л байсан.
Тэгш байдал зөвхөн хуулийн өмнө гээд зогсох биш цааш үргэлжлэнэ шүү дээ. Жишээлбэл хүмүүст бүгдэд амьдрахад адилхан боломж олгогдох ёстой. Цаашаагаа хийж үйлдэж яваа ажил хөдөлмөрт бас адилхан боломж олгогдох ёстой. Энэ бүгдийг эрхжүүлэх чухал болохоос зүгээр бичээд л орхих зүйл биш. Мэдээж хүн төрөлхтөний философитой ийм сүүлд танилцсан Монгол хүний хувьд чөлөөт байдал, тэгш байдал болон эв нэгдэлт байдал гурав цоо шинэ өөрөөр хэлбэл дасахад хэцүү ойлголтууд. Монгол хүний түүх философигүй явж ирсэн ба шашинаас философи авч чадалгүй мухар сүсэг рүү орсоныг Буддизмын орж ирээгүй түүх батлана. Буддизмын дарма, самсара, нирвана гээд чухал ойлголтууд өнөөдөр ч нийт олны дунд тархаж чадсангүй өнгөрчээ. Монгол хэл албан ёсны хэл гээд байхад Түвд хэлээр маань мэгзэм уншсан хэвээрээ. Энэ бол бас л тэгш бус.
Чөлөөт байдал гэдэг эрх чөлөө болж чадвал сайн л байна. Гэхдээ энэ эрх чөлөө тэгш эрхгүйгээр хэрэгжихгүй. Тэгш эрх ч бас эрх чөлөөгүйгээр хэрэгжихгүй. Тиймээс эрх чөлөөг хэзээ ч тэгш эрхээс салгаж болохгүй. Эрх чөлөө гэдэг чөлөөтэй бодох, чөлөөтэй ярих хоёрыг урьдчилгаа болгодог. Нөгөөтэйгүүр хэн ч ямар ч шалтгаангүй баривчлагдаж болохгүй. Мухар сүсэгтэнгүүд Монгол хүний чөлөөтэй бодохыг хорьж бясалгал нэрийн дор сүсэг бишрэлд татан оруулдаг. Тухайн хүн өөрөө шүтлэгтэй байх бол эрх чөлөө. Харин бусдыг зориуд худлаа мухар сүсэгт уриалан дуудаж хомроглон барьцаалах нөгөөтэйгүүр бүлэглэн мухар сүсэгт татан оруулах бол гэмт хэрэг.
Тэгш эрх гэдэг бүгдийг тэгшлэх гэсэн ойлголт биш гагцхүү тэгшхэн боломж тэгшхэн хангамж тэгшхэн амьдралын боломж л чухал шүү гэдэг. Тэгш эрх ерөөсөө эрх чөлөөнд саад болохгүй харин хоёулаа хоорондоо нөхцөлддөг.
Монгол хүний улстөрийн эрх чөлөө болон улстөрийн тэгш байдал хоёрыг ярихад их л сонин дүгнэлтэнд хүрдэг. Монгол хүн хэрхэн Их хурлын гишүүнээр сонгогдож буй сонгуулийн үйл ажиллагааг ажихад Монгол хүнийг ингэж ч дорд хийж Монгол хүн өөрийгөө ингэж ч дорд оруулах гэждээ гэж нүд далдирам л байдаг. Тэнд юун эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл ярихтай манатай. Энд хэлэхэд Монгол хүн улстөрийн өмнөх нөхцөл байдалд байгаа гэдэг харагддаг. Жинхэнэ улстөр үүсэн хөгжиж чадсангүй.
Улстөрийн өмнөх үеийн Монголчууд улстөр гэж вэ гэсэн асуултын хамгийн энгийн хариултыг эрх ба мэдэлтэн хоёрын хоорондын харьцаа гэж л хариулах ёстой. Эрх мэдэл гэж буруу яриад байна шүү дээ. Эрх гэдэг нэг талаас иргэний эрхүүд. Жишээлбэл чөлөөт байхыг эрхжүүлэх болон энд ярьж буй тэгш байдлыг эрхжүүлэх. Нөгөө талд ард түмний сонгосон мэдэлтэнгүүд байгаа. Энэ мэдэлтэнгүүд өөрөөр хэлбэл шийдвэр гаргагчид эрх чөлөө болон тэгш эрх хоёрыг баталгаажуулах учиртай. Тиймээс энд гарах асуулт бол мэдэлтэнгүүд Монгол хүний эрхүүдийг хэрхэн хүлээн авч түүнийг ард түмний нэрийн өмнөөс хүндэтгэх вэ гэсэн моралын асуулт тавигддаг. Монгол хүний хувьд энэ бүгд үлгэр л болж хувирдаг.
Энд ярьж буй эрх чөлөө болон тэгш эрх гэсэн хоёр ойлголтуудыг тухайн хүн боловсролгүй бол энэ хоёрын хэрэг гарахгүй. Ерөөсөө боловсролгүй хүн нийгэм дотор өөрийгөө авч явж чадахгүй. Хөдөө хээр бол өөр хэрэг.
Монгол хүнийг эрх чөлөөтэй бас тэгш эрхтэй болгох гэвэл боловсролтой болгох л хэрэгтэй. Гэтэл 90 онд ардчилал эхлэхдээ Монгол хүний боловсролыг зогсоож боловсролын систем нурсан. Тухайн үед боловсролгүй залуу сайд болж боловсролын системийг ёстой нэг нурааж ард түмэндээ мөн ч их балаг тарьсандаа. Хэрэг хуучрахгүй. Хэн ч мартаагүй.

Өнөөдөр Кембриж гэж төөрөгдүүлж мөнгө идэж уусан хүмүүс хэвээрээ л. Боловсролыг устгасан 90-ээд оны хүмүүс өнөөдөр түүнийгээ засаж залруулах цаг болжээ. Өөрсдөө боловсролгүй хүмүүс хэрхэн л улс орныхоо боловсролыг утсгасан түүхэн баримт бэлэн байна шүү дээ.
Монгол хүнийг зориуд маериаллаг зүйлээр хэт хөөцөлдүүлж амьд явахад хэрэгтэй хоол унд хувцас байр орон сууцтай зууралдуулсаар боловсрол олох ямар ч цаг завгүй болгожээ. Оройн сургууль, эчнээ сургууль, мэргэжил дээшлүүлэх гээд бүгдийг устгажээ.
Техник мэргэжлийн сургууль болон техникум гээд мэргэжил олгодог байгууллагуудыг бүгдийг устгаж хэнд ч хэрэггүй их сургууль цаашлаад дээд сургууль нэртэй бөөндөж төлбөрөөр бизнэс хийсэн байгууллагууд нийт боловсролын системийг завхруулжээ.
Боловсролгүй Монгол хүнийг хэзээ ч хаа ч юунд ч ашиглаж ямар ч уурхайн хар ажилчин болгоход амархан гэдэг бол гадаадын мөнгө хүүлэгчидийн зорилго шүү дээ. Тэднийг дотоодын боосууд сүүлийн олон жил хөөргөсөндөө.
Монгол хүн гадныханаас өнөөдөр шиг ийм их хамааралтай байсангүй. Улстөрийн товчоо тухайн үедээ хувиа бодож ардчилалынхан танхайрсанаар хэт их гаднаас хамааралтай байдалд орцгоожээ.
Хөрөнгөжих гэсэн, хараа хяналтгүй болгосоныхоо дараа ард түмний өмчийг хулгайлж, гадны гар хөл болсон хүмүүс өнөөдөр утаандаа манартсан Улаанбаатарыг хөсөр болгожээ. Өөрсдөө болохоор гадаад руу өвөлжөө рүүгээ утаанаас зугатаагаад нисээд явчихдаг.
Нэгэнт мэдэлтэнүүд өөрсдийгөө бүрэн халдашгүй эрх гэх мэт өөртөө нэмэгдэл эрх өөрөөр хэлбэл иргэн гэдгээ давуулан эрхжүүлж тусгай эрх үйлдвэрлэж эхлэсэн ардчилалын осолтой араншин бол зөвхөн Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй олон улсын хүний эрхийн тунхаг гэсэн дээд зарчимыг эвдэж буй.
Үндсэн хуулиндаа тэгшхэн гэчихээд яахаараа саарал ордонд орохоороо халдашгүй болчихдог билээ? Монгол хүмүүс бүгдээрээ адилхан. Яахаараа гудамжинд явж байгаад санамсаргүй саарал ордонд орж ирж суучихаад халдашгүй байдаг билээ? Халдашгүй болж буйгийн шалтгаан юу вэ? Хэрвээ халдвал юу илэрчихгээд байна вэ?
Эрхийг мэдэлээс салгахгүй бас мэдэлийг эрхээс салгаж ойлгоогүй тохиолдолд улстөрчид ард түмний төлөө гэхээс илүү өөрийнхөө төлөө л явцгааж байна шүү дээ. Хэн нэг улстөрч ард түмний төлөө гэвэл саарал ордон яах бол?
Чөлөөт иргэд, тэгш ард түмэн гэсэн ойлголтууд бүгдээрээ Республикээс гаралтай. Шийдэх мэдэл ард түмэнд гэвэл демократи буюу ардчилал. Хуучинаар ардын засаг гэж ардчилалыг зөв орчуулжээ. Харин республикийг Бүгд найрамдах гэж буруу орчуулсан.
Яагаад өнөөдөр республик ярихгүй байна вэ? 1921 онд Ардын засаг болж ардчилсан. Харин 1949 оны дараа Бүгд найрамдах болсон биздээ. Тэгвэл 90 оны ардчилалын дараа яагаад өнөөдөр хүртэл Бүгд найрамдах болж чадахгүй явна вэ?
Эцсийн эцэст хүний эрхүүд тухайн хүнд ашиг болох ёстой. Хэрвээ ямар ч ашиг болохгүй тийм амьдралын нөхцөл байдалд оруулчихсан бол Монгол хүн энэ олон эрх чөлөө болон тэгш эрхүүдээр юугаа хийх вэ дээ. Ихэнх Монгол хүмүүсийн оршихуйн асуудал шийдэгдээгүй тул ёстой л цаанаасаа зурсан зураг гэж л мухар сүсэгээр тайлбар авахаас өөр яах вэ дээ.
Ихэнх хүмүүс тэгш эрхгүй байна гэдэг эрх чөлөөний үхэл гэсэн үг.

Advertisements