Ахан дүүсэг болоогүй цагт эв нэгдэлтэй болж чадахгүй.

Монголчууд ахан дүүсэг болохын тулд хамаатан садан ах эгч дүү гэсэн хязгаарлагдмал орчноосоо салж хэний хүүхэд аль нутгийн гэдэг хамаагүй тийм туйлын ахан дүүсэг болцгоох нэн тэргүүэд чухал болжээ. Гэр бүл дотроо хязгаарлагдаж гэр бүлийн биш хүнийг гадуурхаж нийтлэг нийгэмшсэн амьдралд Монгол хүн социализмаас хойш орж чадсангүй. Нэгэнт ахан дүүсэг биш тул цааш эв нэгдэл буюу олон улсын хэллэгээр “solidarity” гэсэн соён гэгээрэлийн гурван урианы нэгийг биелүүлэх ямар ч боломжгүй.

Соён гэгээрэлийн гурван урианы нэг болох “чөлөөт байдал” гэсэн ойлголтыг ардчилалын жилүүдэд хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн. Яагаад гэвэл чөлөөт байдал бол хамгийн түрүүнд улстөрийн чөлөөт байдал. Олон сонголтуудаас хэний ч шахалт дарамтгүйгээр өөрөө бие даан сонгох чөлөөт байдал. Энэ чөлөөт байдлыг эрхжүүлж эрх чөлөө болгож өгөөд байхад Монгол хүн улстөрийн эрх чөлөөгүй явсаар л. Нэг л намыг сонгоод түүн дотроо баригдаж ямар ч улстөрийн онолгүй намтайгаа дуусна гэсэн боолчлолын улстөржилт дэндүү харалган хэрэг мэт. Улстөрийн онолын сонголтгүй газар олон нам байх ямар ч шаардлагагүй. Энэ бол сонголт биш.

Социализмын үед соён гэгээрэлийн бас нэг уриа болох бүгдээрээ адилхан өөрөөр хэлбэл тэгш байдал гэсэн ойлголтыг хэрэгжүүлж тэгш эрх болгож чадсан. Үүгээр ядаж олон зуун жил мухар сүсэгтэж шашин нэрийн дор доод хэмжээнд хүртэл арчаагүй болсон ард түмнийг нийтээр нь бичиг үсэгтэй болгосон. Түүний хажуугаар бүгдэд адилхан боловсрох эрх олгож их дээд сургуулиуд байгуулсан. Хөдөө алс хязгаар нутгийн хүүхдүүдэд Улаанбаатар хот орж ирээд шууд Москва руу олон улсын харилцааны сургуульд явцгааж хөдөөний хүү шууд дипломат болж байсан явдал бол тэгш эрхийн нэг том жишээ. Өнөөдөр тэгш эрх устаж баян ядуу болцгоож Богдын үеийн ноёд феодал руугаа шилжиж дээ. Баян ядуу байгаа газар бүр ардчилал ярих ч боломжгүй.

Ингээд Монгол хүмүүс эрх чөлөөг хэрэглэж чадсангүй бас тэгш эрхийг устгаж орхижээ. Үүний хажуугаар ахан дүүсэг болж чадаагүй тул эв нэгдэл хэзээ ч байхгүй. Монголчуудын хувьд эв нэгдэл гэдэг бол ёстой үлгэр.

Монгол хүмүүсийг анх улстөрийн эрх чөлөөтэй болгож түүний хажуугаар бичиг үсэгтэй болгож тус болж явсан Хятад болон Оросын ард түмнүүд Монголчуудыг эв нэгдэлтэй гэж бодож яваад гэндсэн. Монголчууд тархай бутархай хэвээр үлдсэн гэдэгийг мэдээгүй. Тэд сүүлдээ тархай бутархай Монголчуудыг ойлгосон. Өнөөдөр ч гэсэн Өрнөдийн болон Америкийн капиталистууд орж ирж тархай бутархай Монголчуудыг хооронд нь зодолдуулж толгойг нь эргүүлэхэд ямар амархан гэдгийг хараад өөртөө ч итгэдэггүй.

Эв нэгдэлгүй Монголчууд ердөө л нэг нэгэндээ л дайсан болдог. Бусдад буруу өгч хэлмэгдсэн устгуулсан гэж ярих дуртай. Гэтэл Монголчууд өөрсдөө л буруутай. Өөг өөрөөсөө л хайх хэрэгтэй.

Улстөрийн намууд төрийг аваад л идэж уух хөрөнгө мөнгө хувааж эхэлдэгийн нэг жишээ бол хувьчлал. Хувьчлал бол тархай бутархайгийн маш том нотолгоо. Ахан дүүсэг биш хүмүүс хамаатан саднаараа хувьчилж аваад л нийгмээс тасарч жаргах гэсэн л зорилго шүү дээ. Нийгэмгүй газар дайсагнал.

Монголчуудын нэрлэдэг хувьчлал бол цэвэр баян ядуугийн зөрөөг улам нэмэгдүүлж цөөхөн баян олигархуудыг бүтээх гэсэн үйлдэл. Гэтэл хувьчилсанаар хариуцлага өндөршиж ашиг орлого ихсэж нийт ард түмэнд ашигтай болох ёстой гэсэн олон улсын онол бий шүү дээ. Ахан дүүсэг улстөр Монгол хүний хувьд алсад харагдах тэнгэрийн одтой адилхан байдагдаа.

Ахан дүүсэг биш Монголчуудын нэг жишээ бол мухар сүсэгтэнгүүд. Нэг нэгнийгээ ашиглаж хохироож энергитэй ус, түрийвчийг чинь мөнгөөр дүүргэнэ, хаан ухаан, хатан ухаан гэж оюуны доод хэмжээнд хүртэл аваачиж эцэстээ үр хүүхдээ залуу үеийг балладаг мухар сүсэгт ээж аавуудыг бэлтгэдэг. Ийм нийгмийн аюултай хор нөлөөтэй гэмт этгээдүүдийг улам хөөргөж шагнаж байхыг харахад буруу замаар ороод дэндүү хол явжээ.

Эв нэгдэлтэй болохын тулд ахан дүүсэг болох хэрэгтэй. Ахан дүүсэг болохын тулд мухар сүсэгтэнгүүдээс чөлөөлөгдөж жинхэнэ эрх чөлөөтэй болох хэрэгтэй. Үүний тулд бүх хүнд адилхан амьдрах боломж олгогдож тэгш эрхтэй болцгоох хэрэгтэй.

Монголчууд эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэлтэй болохын тулд өнөөдөрт ирэх хэрэгтэй. Өнөөдөрт ирж чадахгүй бол маргаашийг бүтээн босгох боломжгүй. Монголчууд өнөөдөрт ирэхийн тулд түүх ярихаа зогсоож өвөг дээдэс гэж өнөөдөр тун бага ач холбогдолтой үлгэр домог ярихаа зогсоох хэрэгтэй. Гэр бүлээсээ гарч нийгэмшиж иргэн болох тэр үйл явц дутагдана.

Эв нэгдэлтэй болж чадахгүй тул чөлөөт байдал болон тэгш байдал хоёрыгоо эрхжүүлж чадаагүй Монгол хүмүүсийг хамгаалах ганц төрийн бус байгууллага ямар байх биш. Төрийн бус байгууллага төрийн болчихсон явж байдаг шүү дээ. Тэр ч бүү хэл төрийн бус байгууллага төртэй нийлчихсэн ажиллаж байдаг. Тийм бол төрийн бус гэж нэрлэх ямар хэрэг байна.

Монгол хүн өнөөдөрт ирэхийн тулд боловсролтой болох хэрэгтэй. Ялангуяа ээж аавуудыг боловсролтой болгож чадаагүй цагт залуу үе тэдний золиос болцгооно. Монгол хүн өнөөдөрт ирэхийн тулд өвөг дээдсээсээ ангижирч бие даасан өөрийн түүхээ бүтээх хэрэгтэй. Хүн бусдын биш харин өөрийнхөө уран бүтээл болох хэрэгтэй.

Өвөг дээдсээс авахаасаа илүү хаях зүйл их бий. 60 хүрэхгүй жилийн өмнөх хүмүүс хоцрогдчихоод байхад 600 жилийн өмнөх хүмүүс өнөөдөр даан ч ач холбогдолгүй. Түүх бол номонд бичигддэг болохоос биш өнөөдөрийн амьдралыг бүтээн босгохгүй. Өнөөдөрт өнөөдөрийн мэдлэг боловсрол ач холбогдолтой.

Монголчууд ахан дүүсэг болж чадаагүй тул өнөөдөр цоо шинээр эдийн засаг бүрэлдэж чадсангүй. Зөвхөн банк санхүүгээр л хөөцөлдөж явна. Социализмын үед Орос, Хятад, Зүүн Европын орнууд туслаж дэмжиж асар том аж ахуйн эдийн засагтай болгосон. Гэтэл ардчилалын жилүүдэд хувьчлал нэрийн дор эдийн засгаа утсгасан. Үүнийг харсан гадаадынхан Монгол хүмүүсийн ийм их ахан дүүсэг биш бие биендээ хүйтэн цэвдэгийг хараад гайхсан. Монголчууд хоорондоо ямар их дайсагнаж цөөвөр чоно шиг эдийн засгаа урж тасдаж байхыг хараад урд хойд хөршүүд мэл гайхаж цэл хөхөрсөн. Эв нэгдэлтэй ард түмэнд амар амгалан энх тайван байдаг. Харин Эв нэгдэлгүй ард түмэн бүгдээрээ нэг нэгнийхээ дайсан. Нэгэнт нэг нэгэндээ дайсан тул үргэлж бие биенийгээ хардаж сэрдэнэ.

Дайны төлөвт байгаа эв нэгдэл энх тайвангүй ард түмний нэг онцлог бол хүн бүр хууль болдог ба нэгэнт хүн бүр хууль тул хүн бүр өөрийн хуулиараа бусдыг бас залхаан цээрлүүлэх гүйцэтгэгч болдог. Зодоон цохион занал хорсол юу ч биш. Мэдээж хүн бүр өөрийн хуультай болоход эрх мэдэл хүч чадал бяр тэнхээ хэрэгтэй. Ингээд хүчирхийлэл үүсдэг. Тиймээс өнөөдөр хүртэл Монголчууд том биетэй хүнд дуртай. Олон хөвгүүдтэй айл хүчтэй гэсэн ойлголттой. Ингэж л орчин үед ирэхгүй дундад зуунаараа амьдарч байна шүү дээ.

Хэзээ Монголчууд ахан дүүсэг болох вэ? Эв нэгдэл бол дараагийн дээгүүр шат шүү дээ. Тийшээ очихын тулд ах эгч ээж аав үр хүүхдээсээ ангижирч гэр бүлээсээ гарч нийгэмших хэрэгтэй. Бусдын ээж аавыг хүндэтгэж бусдын ах эгчийг хайрлаж бусдын үр хүүхдийг яг л өөрийн үр хүүхэд мэт туслаж дэмжих хэрэгтэй. Ингэсэн цагт Монгол хүн жинхэнэ насанд хүрнэ. Хувиа битгий бодоцгоо. Надад ямар ашигтай юм бэ гэж битгий асууцгаа. Зүгээр л Монголд ашигтай гэж л бодож сурцгаа.

Advertisements