Философийг өөр өнцөгөөс харна гэнээ.

Монгол хүний олон зуун жилийн төөрөгдөлийн баримт бол философигүй явсаны хомсдол байдаг. Энэ хомсдол өчигдөр хэсэг залуучуудтай ярилцаж байхад дахин дахин мэдрэгдэж байв. Америкийн “The Philosophers” гарчигтай филмийг өчигдөр орой Эхлэл гэж нэртэй клубийн залуучуудтай хамтдаа харцгааж түүнийхээ дараа ярилцлага явуулав. Тэднийг урисан явдалд би их талархасан. Энэ филмийн тухай болон ярилцлагын үеэр төрсөн бодлоо энд бичив. Харин сэтгэгдэл биш шүү.

Залуучуудын урилга болон философийн тухай асуусан асуултууд үнэхээр л цаг үеэ олсон олон зуун жилийн хойно Монгол хүн арай гэж философитой танилцалж буйгийн нэг л жишээ байлаа. Философи гэсэн энэ сайхан мэргэжлийг ШУА-аас авахуулаад МУИС хүртэл цаашлаад улстөрийн намуудын өөрсдийгөө филсофичид гэдэг хүмүүс бүгдээрээ баллаж хаясандаа. Удирдлагын академид хүртэл философич гэсэн хүмүүс бас байдаг гэсэн. Тиймээс энэ мэргэжлийг бүгдээрээ дор бүртээ өөрсдийн бичсэн болон орчуулсан номуудаар балласан хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй.

Яагаад би энэ тухай бичиж буй вэ гэхээр өчигдөр оройны филмийн дараа ярилцлага дуусах үеэр нэг залуу маргааш бид бас өөр философич урих гэж байгаа. Олон өнцгөөс харна гэсэн гайхмаар санагдсан зүйл байв. Яагаад?

Энэ залуу философи гэсэн мэргэжлийг олон өнцгөөс харна гэдгээрээ юу хэлнэ вэ? Аливаа мэргэжлийг мэргэжлийн биш хүн олон өнцгөөс харна гэнээ. Мэргэжлийн хүн ч гэсэн мэргэжлээ чадахгүй мэргэжилдээ хоцрогддог. Үүнийхээ дараа мэргэжлээ ойлгох гэж хичээдэг болохоос ямар ч өнцгөөс хардаггүй . Хүн нэг бол чадна үгүй бол чадахгүй.

Эндээс дүгнэх дүгнэлт бол Монгол хүмүүс мэргэжил гэдэг зүйлээс хол тасарчээ. Хэдэн сар дамжаанд явсаныгаа мэргэжилтэй болчих лоо гэж эндүүрнэ. Хоёр гурван жил Америк явсаныгаа боловсролтой болчихлоо төөрөгдөнө. Яана даа яана?

Аливаа мэргэжлийг олон талаас харах гэж ойлголт даан ч байхгүй нь харамсалтай. Аливаа асуудалд олон талаас хардаг болохоос мэргэжилд хаанаас хэдэн талаас харах гээв? Физикийн мэргэжлийг эсвэл хуулийн мэргэжлийг олон талаас харна гэж байхгүй. Гагцхүү нэг бол чадна үгүй бол чадахгүй. Физикт Эйнштэйнийг хэзээ ч олон талаас хардаггүй. Хуулийн мэргэжилд Хэгэлийн хууль зүйн тухай номыг олон талаас хардаггүй. Ойлгож л унших хэрэгтэй.

Мэдээж мэргэжил устаж, амархан диплом авч, ямар ч боловсролгүйгээр бас гадаад хэлний анхны мэдэгдэхүүнгүйгээр профессор болох боломжтой Улаанбаатар хотод юу ч ярьдаг хэн ч ярьдаг хэзээ ч ярьдаг хаа ч ярьдаг хөл толгойгүй амьдрал үргэлжилдэг хойно доо. Үүний баталгаа бол энэ “the philosophers” гарчигтай философийн мэргэжлийн оюутнуудын хэрхэн багштайгаа философдож буй тухай мэрэгжлийн олон үг ухагдахуунтай филмийг орчуулах гэж баллаж бүр сэглэж хаяжээ. Платон, Аристотел, Декарт, Нютон, Виттгэнштэйн гээд л том философичидийн онолуудыг филмээр дамжуулан их хялбархан хөнгөхөн сайхан тайлбарлаж байна лээ. Түүний хажуугаар Шекспир болон Күнзийн ганц хоёр ойлголтуудыг хүртэлхавчуулж байх шиг байсан. Мэдээж энэ сайхан ойлголтуудын тухай Монгол үзэгч аманд ч үгүй хамарт ч үгүй л үлдэж байх жишээтэй. Орчуулах гэж оршуулсан байна билээ.

Монгол хүний өнгөрсөнд ч магадгүй Чингисээс эхэлсэн болов уу өнөөдөр ч явагдаж буй том алдаа Монгол хүнийг философич болж ард түмэндээ философи түгээгүйгийн тэр тиом алдаа. Хэн ч философийн ном бичиж үлдээсэнгүй. Ядаж Энэтхэг шиг Буддатай, Хятад шиг Күнзтэй, Түвдүүд шиг Далай ламтай болсонгүй. Монгол хүнд монгол философи дутагдана.

Физик математикийн салбарт томьёотой тул бага зэрэг төөрөгддөг. Биологийн салбарыг тэртэй тэргүй орчуулгаар баллаж мэргэжил биш болгож хүн сармагчингаас төрсөн гэхээр биологчид өөрсдөө итгэдэггүй. Томьёо байхгүй мэргэжлүүд жишээлбэл хуулийн мэргэжлээс авахуулаад социолог, улстөр гэх мэт мэргэжлүүд яг л энэ философийн мэргэжилтэй адил даан ч худлаа орчуулагдаж алдаагаар дүүрэн явдаг даа.

Хүн төрөлхтөний бүтээсэн үндсэн хуулийг хүртэл хагас дутуу орчуулсан байдаг. Улстөрийг нэгэнт худлаа орчуулсан тул намуудад онол гэж байхгүй оюуны доод түвшинд байдаг шүү дээ. Философийг тэртэй тэргүй Монгол хүн ойлгохын ямар ч аргаүй болтол нөхцөлгүй болтол худлаа орчуулсан даа. Одоо ч их дээд сургуулиудад худлаа үргэлжилсээр л.

Буцаад филм рүүгээ ороход энэ филм философийн гурван чухал ойлголтын тухай өгүүлдэг. Нэгдүгээрт: логик. Хоёрдугаарт: этик. Гуравдугаарт: эстетик. Энэ гуравыг тэнцүүлэн ашиглаж хэрэглэж чадахыг ухамсар тодоорхойлдог. Гэтэл ухамсар гэсэн Англиар “reason” Германаар “vernunft” Францаар “rationale” ойлголтыг дэндүү худлаа “шалтгааны ухаан” гэж орчуулжээ. Ямар их эмгэнэл вэ? Инээдэмтэй юм шиг?

Философийн багш оюутнуудтайгаа маш чөлөөтэй ярилцаж бүх асуултуудад хариулж эсэргүүцсэн оюутнуудтай зөвхөн асуулт хариултаар л ярилцдаг. Энэ өдөр хамгийн сүүлчийн хичээл байсан тул багш оюутнууддаа гурван “бодох туршилт” хийлгэж дүн тавьдаг. Физикч хүн лаборатордоо туршилт хийхийн тулд багаж хэрэглэдэг. Тэгвэл философич хүний туршилт хийдэг газар бол тархин доторх ухаан шүү дээ. Ухаан гэсэн лабораторын багаж хэрэгсэл бол философчийн гүн бодол байдаг.

Энэ филмийн хамгийн анхны “бодох туршилт” дээр логикийн тухай ярилцаж хүн сэтгэлийн хөдөлгөөнөөс болж алдаа гаргаж буйг харуулдаг. Логик ямар их хэрэгтэйг олон жишээнүүдээр оюутнуудын тархинд ортол дүрсэлдэг. Монгол хүн логикгүй тул олигтой төрийг босгож хэзээ ч чадахгүй. Яагаад гэвэл бүхий л төр улсын ажил логик дээр явагдах ёстой. Ялангуяа улстөрчид логикийн ямар ч боловсролгүй тул Монгол хүн жинхэнэ улстөр гэсэн ойлголттой өнөөдөр хүртэл танилцаж чадалгүй явна.

Хоёрдугаар бодох туршилт дээр моралын буюу ёс суртахууны тухай өгүүлдэг ба хүнийг зөвхөн ямар мэргэжилтэй гэдгээр биш тэр хүний сэтгэлийн олон шинж төрхүүдийг үнэлж шийдэл гаргах хэрэгтэй гэсэн философийн этикийн том сэдэвийг хөнддөг. Хүн ямар мэргэжилтэй гэдэг чухал биш тэр хүний ёс суртахуун чухал гэдэг. Ёс суртахуун Монгол хүмүүсийг Улаанбаатар хотод хоорондоо танихгүй ч гэсэн ахан дүүсэг болгох ёстой. Гэтэл Улаантбаатар хот тэр чигээрээ ёс суртахуунгүй.

Харин сүүлчийн гуравдугаар бодох туршилт бол эстетикийн тухай буюу аливаа зүйлийг гоо сайханыг хэрэглэж шийдэх тухай бас л филосоийн эртний ойлголтыг ярилцдаг. Гоо сайхан гэдэг бол хүний хир эрх чөлөөтэйг харуулдаг. Гоо сайхан байхгүй газар урлаг ярих боломжгүй. Яагаад гэвэл гоо сайхан эрх чөлөөг шаарддаг. Урлаг хөгжөөгүй газар эрх чөлөө байхгүй гэсэн ойлголт. Уран зураг, сонгодог хөгжим, яруу найраг гээд урлагийн болон гоо сайханы чухал салбарууд Улаанбаатар хотод хөгжиж чадалгүй нийт олны хүртээл болж чадсангүй. Мэргэжлийн доод түвшинд хийж буй зүйлээ урлаг гэж нэрлэдэг.

Тийм л учраас энэ дэлхий дээр филсофийн мэргэжлийг хүндэтгэж олон хүн түүнээс бас айдаг. Яагаад гэвэл ганцаараа олон сараар бусдаас тусгаарлаж ганцаараа олон ном унших тийм тэвчээртэй өөрийгөө удирдаж чадах хүмүүс цөөхөн байдаг. Тиймээс философийг олон мэргэжлүүдийн дотор ховорхон цэцэг гэж нэрлэдэг.

Ийм л философийн мэргэжлийн чухал филмийг нийтийн хүртээл болгож чадсангүй. Филмийг орчуулагчид мэргэжлийн зөвлөлгөө авалгүй нөгөө Ренчин, Дамдинсүрэн, Цэвэл гээд хүмүүсийн философийн үнэр ч үгүй “тайлбар толь бичиг” номыг ашигласан бололтой. Философийн логик, этик, эстетик гэсэн үндсэн ухагдахуунуудыг тайлбарлаагүй толийг ямар толь гэх вэ дээ. Ёстой толь биш хий үзэгдэл байлгүй.

Философигүй оронд бодол ч үгүй, ёс срутахуун ч үгүй, гоо сайхан ч үгүй. Хэзээ бодож сурах вэ? Хэзээ ёс суртахуун нийгмийн үнэт зүйл болох вэ? Хэзээ жаахан ч гэсэн дэлхийн урлагаас суралцаж жинхэнэ уран бүтээл бүтээж сурах вэ?
Орчуулагчид нүгэл хийсээр л… Улаанбаатар хот 21-р зуунд ирсэн мөртлөө философигүй хэвээр…

Advertisements