ШУА-ийг устгаж болно харин шинжлэх ухааныг устгаж болохгүй.

ШУА-ийг их сургуулиудтай нэгтгэх цуу яриа гадуур нэгэнт тархжээ. Шинжлэх ухааны тухай яриа өдөх сайхан боломжийг ашиглаж ерөөсөө “Монгол хүн ба мэдлэг” гэсэн үргэлжийн бичдэг сэдэвээ энд дахин хурцатган бичихээр зорилоо. Уншигч Та хуваалцана уу.
Хүн төрөлхтөний мэдлэгийн оргил болсон шинжлэх ухаан гэж бидний орчуулдаг “science” гэдэг ойлголттой Монгол хүн 1940-өөд онд танилцаж түүний үр шимийг хүртэж мухар сүсэг, шарын шашинаас салж ид шидийг ардаа орхиж ер бусынуудыг хээр хаяж чадсан билээ.
Гэтэл өнөөдөр яагаад Монгол хүн буцаад мухар сүсэгт тархиа эргүүлүүлж сургуулийн заалнаас авахуулаад хэдэн зуун хүн багтдаг том том заалнуудад бөөгнөрөн хуйларч эрүүл биш хүмүүсийн үгэнд үнэмшиж түрийвч цүнхээ агаарт эргэлдүүлэн мөнгө төгрөг дуудна вэ? Энерги гэж буруу ярьцгааж гэрлэн бие гэж нэг нэгнийгээ чийдэн мэт гэрэлтдэг гэж шоглох энүүхэнд болжээ. Ээж аавууд яагаад хүн ёсны доод түвшинд очиж охид хөвгүүдээ мухар сүсэгтэнүүдийн золиос болгож ламын тоглоом болгоцгооно вэ? Яагаад үр хүүхдээ шинжлэх уааны мэдлэгээс хол хөндий болгоцгоов? Энэ бүгдэд хэн буруутай вэ?
Төр шашин хоёрыг арай гэж салгаж 1940 оноос 1990 хүртэл амжилттай байсан мөртлөө 90 оноос хойш яагаад шашин төртэй холилдов? Мордохын хазгай гэгчээр лам хүртэл төрд орж сайд болцгоодог болжээ. Сайдууд мухар сүсэгтэх ердийн хэрэг. Ингэж төрийг балласан сайдуудыг яах вэ?
Их дээд сургуулиудын танхимуудаар лам дүүрч тэнхимийн профессорын өрөөгөөр далай ламын зургууд хүртэл дээгүүр залагдаж арга билиг ярьж билэгдэл гэж мангуурч Англи Америкт сураад ирлээ гэсэн залуус яагаад ээж аавыгаа даган дуурайж хөгийн царайлна вэ? Мэдлэг доромжлогдож их дээд сургуулиудад Түвд хэл заадаг жишээ ердийн болжээ.
ШУА ч бас Гандан ч зөвхөн байгууллагууд. Харин шинжлэх ухааныг авч тээж явж чадаагүйдээ ШУА шийтгэл хүлээх ёстой. Шийтгэл ч цаг үеэ олж ирлээ. Үүнтэй адилхан Гандан ч буддизм гэсэн хүн төрөлхтөний бүтээлийг яаж гутааж мушгин гуйвууллсаныхаа төлөө шийтгэл хүлээх ёстой.
Яагаад 21-р зуунд Монгол хүн бөө шүтэж, ламд доромжлуулж, хадагаар ороосон ээж модоо нар салхи үзүүлэхгүй үхүүлсээр байна вэ? Яагаад Монгол хүн шинжлэх ухаанаар дамжин мэдлэгтэй болж чадсангүй дундад зуун луу буцаад шидэгдэв? Яагаад Монгол хүн өнөөдөр дээдэс, доодос ярьж улстөрчид ташраараа ноёд феодалууд болцгоов?
Энэ бүх тэнэглэлийн цаад эзэн бол мэдлэгийг Монгол айлын гэрт оруулж чадалгүй цалин мөнгө, цол шагналдаа дарагдсан ШУА-ийн доктор, професор, хүндэт академичаас авахуулаад ШУА-ийн үе үеийн ерөнхийлөгч нар шүү дээ. Ичих нүүрээ элгэндээ наах гэгч л болж байна даа.
ШУА-ийг устгаж болно. Гагцхүү шинжлэх ухааны мэдлэг устаж хэрхэвч болохгүй. Шинжлэх ухаан уствал Монгол хүн гадаадын мөнгө хүүлэгчид дотоодын мухар сүсэгтнүүдийн тоглоом болж оюуны доод түвшинд орцгоож наад захын хүний эрх биелэгдэхгүй хэвээр үлдэх болно доо.
Өнөөдөр хүртэл ШУА яагаад Үндсэн хуулийн цэцэд Бат-Отгоноос өгсүүлээд Сарандаваа хүртэлх шинжлэх ухааныг доромжилж мухар сүсгийг түгээн дэлгэрүүлж буй хүмүүсийг шүүн хэлэлцүүлэхээр хандсангүй вэ? Арай ШУА өөрөө бөө, мухар сүсэгтэнүүдээс айдаг биш биздээ.
ШУА Ганданд ялагдсан гэж би өөрөө энэ өнгөрсөн хавар ШУА-ийн ерөнхийлөгч гуншинтай хүнд шууд хэлж байсанаа санаж байна. Тэр надад хариу юу ч хэлж чадалгүй амруугаа алгадуулсан мэт л гөлийж сууж билээ.
Яагаад ШУА Ганданд ялагдав? Яагаад гэвэл мэдлэгийг олны хүртээл болгож чадалгүй үүргээ умартаж баян чинээлэг амьдрал руу хуйларцгаасан даа. Өнөөдөр хүртэлх хугацаанд ШУА-ийн дээгүүр албаны хүмүүс хичнээн төгрөг төсөл нэрээр авч идэж уусаныг шалгах хэрэгтэй.
Яагаад шинжлэх ухааны мэдлэг Монгол хүнд хэрэгтэй вэ гэвэл шинжлэх ухаан бол улс орны дээд бүтэцэд хамаардаг. Дэд бүтэцэд зам тээвэр, эдийн засаг, банк санхүү, мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр хамаарч хүн ардын аж амьдралыг баталгаажуулдаг. Харин дээд бүтэц бол шинжлэх ухаан, урлаг, төр гээд хүний оюун ухааны амьдралыг тэтгэж соёлжиж иргэшиж нийгэмшихэд тус болох зорилготой.
Монголчууд зөвхөн дэд бүтэцтэйгээ зууралдсаар дээд бүтэцээ босгож чадахгүй явсаар ардчилалын 20 гаруй жилийг ардаа орхилоо. Зөвхөн ШУА мухар сүсэгтсэнгүй бас урлаг мухар сүсэгтэж хаа л бол оюуны доод түвшинд урлаг явагдаж хамгийн боловсролгүй хүмүүс яруу найрагчаас авахуулаад жүжигчид хүртэл болцгоожээ. Төр ч гэсэн мухар сүсэгтэж ордны доод давхарт гал түлцгээлээ. Тэдний зарим уулын оройд хадаг уяж ард түмнээ мэдлэгт биш уулын хад чулуунд хүртэл даатгаж мөн ч их мухар сүсэгтлээ дээ.
Эцсийн эцэст мэдлэг бол хамгийн чухал хүний эрх. Монгол хүнийг мэдлэгтэй болгох зоруилалтай боловсролын бүхий л байгууллагууд энэ эрхийг зөрчөөд олон жил болж байна. Боловсрол гэдэг эрэлт нийлүүлэлт биш төрийн үүрэг даалгавар байх ёстой. Мэдлэг боловсрол Монгол хүнийг эрх чөлөөтэй болгоно. Өөр юу ч биш. Мэдлэггүй Монгол хүн үргэлж бусдын боол золиос болохоос өөр яах вэ дээ.
ШУА-ийн устал бол хүнийг мэдлэгтэй болгох эрхийг зөрчсөний гай гамшиг шүү дээ. Үндсэн хуулийн цэц Улаанбаатарын амьдралыг мухар сүсэгтүүлсэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийг шүүн хэлэлцэж ёс суртахууны шүүхээр хэлэлцэх цаг болсон.
Мухар сүсэгтэнүүдээс авахуулаад лам бөө хүртэл хувьдаа ямар ч сүсэг бишрэлтэй байж болно. Энэ бол хүний эрх. Гэтэл бусдыг хууран мэхлэж худал амлаж залилан мэхлэх бол гэмт хэрэг. Тэр ч бүү хэл мухар сүсэгтэнүүд олноороо нийлж иргэдийг хууран мэхлэж буй бол бүр бүлэглэлийн шинжтэй болсоны гэрч бөгөөд зохион байгуулалтай гэмт хэрэг шүү. Нийгмийг аюулаас хамгаалахын тулд дотоодод асар их зүйл хийх хэрэгтэй болжээ. Монголчууд монголчуудыгаа л баллаж байна шүү дээ. Үүний шалтгаан бол Үндсэн хуулийн цэц ажлаа хийхгүй байна.
Хүн төрөлхтөн мэдлэгийг бүтээж чадсанаар шувуунаас хурдан нисдэг онгоц бүтээсэн. Мэдлэгийг олны хүртээл болгож чадсанаар хүн төрөлхтөн ирвэс шилүүс цаашлаад адуунаас ч хурдан давхиж чаддаг автомашин бүтээсэн.
Харин Монгол хүн мэдлэгийн сайныг хүртэж амсаж чадсангүй. Зун наадам болохоор том том жийптэнгүүд даага унасан үр хүүхдээ элдээд давхиж дэлхийн ичгүүр болдогдоо. Мэдлэгийг ингэж л ойлгож хэрэглэдэг Монгол хүн 21-р зуунд ирж чадсангүй. Жийп том хэдий ч ухаан жижигхэн үлдлээ дээ.
Монгол хүний ухаан жижигхэн үлдэх бүх нөхцөлийг ШУА өдөөж шинжилдэг ухаан биш харин мухар сүсэгтдэг ухаан болгож хаялаа. Улаанбаатараар дүүрэн академууд. Тэд юу хийнэ вэ? Тэд ганцхан л зорилготой. Тэр бол Монгол хүний тархийг тураалд биш хомсдолд оруулах.
Монгол хүн доктор, профессор, академич цол гэлтгүй ухааны хөгжлийн бэрхшээлтэй болцгоожэ.
Ухааны хөгжлийн бэрхшээлтэй болцгоосон Монгол хүнийг аврахад ШУА-ийг аврах биш шинжлэх ухааны мэдлэгийг аврах ёстой шүү гэдгийг бид хэрхэвч мартаж болохгүй. Гадаад орнуудад шинжлэх ухаан хийж яваа ирээдүйн залуу үе Монгол орноо сайхан болохыг хүлээж суух биш маргааш хүрч ирцгээж шинжлэх ухааныг аврах үйл хэрэгт оролцохыг уриалж байна.

Advertisements