25 Лекц № 18: Тохиолдол ба төсөл. Chance, Project.

Энэ удаагийн лекцээр Монгол хүний ажиллаж амьдрах боломж болон санаж бодох эрх чөлөөг “олигарх лам” нар болон “нүүрсний олигархууд” хэрхэн боож хааж буй тухай онол болон практикийн жишээн дээр ярилцана.
Улстөр гэсэн ойлголт байхгүй өнөөгийн нийгэмд улстөргүйжсэн иргэдийн тархийг олигарх лам нар угааж харин эрүүл мэнд уушиг зүрхийг нүүрсний олигархууд хордуулж байна даа. Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг лам нар багалзуурдаж харин тэгш байдал буюу тэгш боломжийг нүүрсний олигархууд устгаж дээдэс доодос үүсжээ.

Ардчилал өөрөө эрх чөлөөг устгаж тэгш байдлыг уландаа гишгэсэн. Үнэхээр ч ардчилал Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд үүссэн шигээ тэр талбай дээр устсан. Одоо тэр талбайн нэр ч устаждээ. Ардчилал дөнгөж үнэртээд алга болж сарнисан 90-ээд оноос хойш алт зэсний олигархуудын дараа гарч ирсэн нүүрсний олигархууд л ганц ажил олгогч болж хөөрцөглөнө. Аж үйлдвэр устсан газар одоо тэгээд уурхайчин л болждээ. Чанартай нүүрсээ урагшаа гаргадаг нүүрсний олигархууд Улаанбаатар нийслэлийнхэнийг чанаргүй нүүрсээр хордуулж хэзээ нэг цагт энэ хотод эрүүл хүнгүй болгох гэж буй л мэт. Хотын дарга нийслэлийн нүүрсний утаанаас хол оршин суудаг бизээ.

Утаатай нийгэмд утгагүй амьдралаар амьдарч улстөр доод хэмжээндээ очсон болхи бүдүүлэг Улаанбаатар хотод соёлт сэхээтэн иргэн устаж нэг нэгнийгээ хардаж сэрдэж харааж зүхэж доромжилж баян биш яваа чини чиний буруу гэж том нулимацгаана. Амиа бодоцгоо залуучуудаа, удахгүй социализмын ээж аав чини үхсэн хойно л жаргана гэж намаас төрсөн тэрбумтанууд өнөөдөр тархи угаагчийн ганцхан мэргэжилтэй болжээ. Сонгууль ойртож байна аргагүй бизээ. Социализмыг муулаад байгаа тэр хүн өөрөө социализмын үед гадаад оронд сурч боловсорсон шүү дээ. Хэрвээ социализм буруу байсан бол одоо тэр үеийн дипломоо хүчингүй гэж нийтэд зарлах хэрэгтэй дээ.

Ийм лам гаарч, баян дэндэж үүн дээр бууны нохой бэлддэг улстөрч амиа бодоцгоо гэж гурвуулаа нийлэн жинхэнэ гоё гурвалжин үүсчээ. Иргэнийг амиа бодоцгоо гэж улстөргүйжүүлж төрийг хэдүүлхэнээ эзэмшиж тоглох гэсэн улстөрч гэж өөрсдийгөө нэрлэгчид тэнгэрт гарчээ. Ийм газар мухар сүсэгт улс нийгмээрээ бүрэн бууж өгөлгүй яах вэ дээ. Энд тэнд цугларч агаараас мөнгө төгрөг дуудалгүй ч яах вэ дээ.

Цаанаасаа зурсан зураг, хүн ерөөсөө зурсан зургаар л амьдардаг ч гэх шиг. Тэр ч бүү хэл заяаны хань ч гэх шиг. Хүнд заяа заяаж болноо. Гэтэл муу заяа юу сайн заяа юу? Хэн ирээдүйг мэдэх вэ? Далай лам ч мэдэхгүй. Хэний ч амьдрал зурсан зураг биш. Хэн ч зурсан зургаар амьдардаггүй. Хэн ч заяаны ханьтайгаа учирдаггүй.
Амьдрал бол тохиолдол. Тохиолдол учраас аз жаргал гэж үг байдаг.

Ерөөсөө амьдрал тохиолдол тул хүмүүст өөрийнхөө амьдралаар өөрөө төлөвлөж амьдрах боломж олддог. Боломж байхгүй бол баяр хөөр гэж байхгүй. Тохиолдол бол боломж. Үүнтэй адил муу зураг эсвэл муу хувь заяа тохиосон гэж лам хэлбэл үнэмших хэрэггүй. Харин муу хувь заяанаас сайн шаанс буюу боломжийг гарган авч цааш явах хэрэгтэй.

Хэрвээ хүнийг хувь заяа чини энэ эсвэл чиний хувь тавилан ердөө л энэ гэж лам хэлбэл лам тухайн хүний хийж бүтээх тэр ирээдүйг баллаж буй гэсэн үг. Тиймээс хүн өөрийнхөө бүтээл болж бусдын бүтээл болохгүйг хүсвэл лам дээр битгий очоорой.

Энэ удаагийн лекцээр Монгол хүний боломж, амьдралын тохиолдол болон өнөөдөр Монгол хүнд төр улсаас хэрхэн боломж өгч буй тухай ярилцана. Түүний хажуугаар Гандангийн лам нар заяа төөрөг нэрээр хэрхэн иргэдийг хохироож буй болон радиогоор зүүдийг худлаа тайлбарлаж хүний хувь заяаг хэрхэн алдаатай мэдэмхийрч буй тухай бас ярилцах тул нилээд нийгэм рүү хандана.

Chance гэсэн ойлголтыг Англи хэл дээр unexpected, unplanned, unpredictable event. Орчуулбал ийм юм болно гэж хүлээгээгүй, төлөвлөж зураглаж байгаагүй болон ерөөсөө урьдчилан хэлэх боломжгүй тохиолдолуудыг нэрлэдэг.

Гэтэл Монгол хүн өнөөдөр нийгэм болон улстөрийн хямралаас шалтгаалан 100 хүрэхгүй жилийн өмнөх шигээ заяа төөрөг ярьж, цаанаасаа л зурсан зураг гэцгээнэ. Дэндүү өрөвдөлтэй оюуны ядууралд орсон байдал шүү дээ. 21-р зуун ирчихээд дэлхийн боловсрол орж ирчихэд байхад багш профессор гэлтгүй хуучин хэвээр мухар сүсэгтэн байцгаана.

Мэдээж Монголчууд бичиг үсэггүй сургууль соёл ч байхгүй зөвхөн сүм хийд ноёлож байсан 1930-аад оны үед үнэхээр л заяа төөрөгт үнэмшихээс өөр замгүй байсан. Үүнээсээ ч шалтгаалан бие биенээ алж түүнийгээ өнөөдөр хэлмэгдэл гэж нэрлэдэг.

Өнөөдөр 21-р зуунд ламаас очиж заяа төөрөг асууж хэнтэй гэрлэж ямар амьдралаар амьдрах бол гэж асууж буй хүмүүс бол өөрийгөө доромжилж харин ламыг баяжуулж буй баримт. Өөртөө итгэлгүй хувь заяагаа босгож чадахгүй хүмүүс л лам нарт мөнгө өгч лам нарыг баяжуулж өнөөдөр олигарх лам нар олон болжээ.

Эцсийн эцэст хүн амьдралаа гартаа авч өөрийнхөө бүтээл болохын тулд амьдралаа төсөл мэт төлөвлөж зорилготой утга агуулгатай амьдрах л чухал. Зурсан зураг эсвэл хувь заяа гээд тулгаад байвал түүнийг өөрчилж өөрийнхөөрөө явж хожим ээж аавдаа харуулах хэрэгтэй. Энэ лекцээр ийм л сэдвээр ярилцаж нилээд Монгол хүний өнөөгийн сэтгэл зүйн асуудлууд руу орцгооно.

Нийгэм болон улстөр ийм хямралтай үед нийт ард иргэд яг адилхан амьдралын боломж байхгүй тул хэсэг хүмүүс баяжиж нийтээрээ утаан дунд хар бараан өглөө угтаж буй явдал бол Үндсэн хуулийн тэгш байдал гэсэн ойлголт алдагдсаных.

Хамгийн чанартай нүүрсийг цөөн баян эзэмшиж урагшаа хямдхан худалддаг. Харин нийслэлийн ард иргэд хамгийн муу нүүрсийг хүүдийнд хийж нэг нэгэндээ хамгийн үнэтэй зардаг.

Монгол хүн байгал дэлхийн өгсөн сайн нүүрс түлж сайхан амьдарцгаагаарай гэсэн боломжийг хүртэл ашиглаж чадахгүй ёстой л сайн заяагаа муу заяагаар сольжээ.

Advertisements

25 Лекц № 17: Хуучин ба шинэ. Ancient, modern

Хуучин хуучирна. Шинэ шинэчлэнэ. Хуучин хэнд хэрэгтэй вэ? Шинэ хэнд хэрэгтэй вэ? Яагаад хуучин хэрэгтэй? Яагаад шинэ хэрэгтэй?
Өчигдөр хуучирна. 1 жилийн өмнөх хуучирна. 100 жилийн өмнөх хуучирна. Маргааш гэдэг шинэ өдөр шинэ төлөвлөгөө шинэ амидрал. Гагцхүү хуучнаараа юу эсвэл шинэчлэгдсэн үү? Дараагийн жил энэ жилийнхээс илүү зүйлийг мэдэж авсан мөн илүү ихийг хийж бүтээсэн байх учиртай. Ингэж зөвхөн бие хүн биш ард түмэн цаашлаад улс орон шинэчлэгдэх чухал.
Бие хүн хуучнаараа байхыг хүсэх магад гэтэл нийгэм хуучнаараа байвал хөгжихгүй зогсонг байдалд орох магадтай бараг л хойшоо ухралт болох жишээтэй.
Хуучин гэдэг бол урьд өмнө болсон үйл явдал болон хийгдсэн зүйлсийг нэрлэнэ. Харин шинэ гэдэг дөнгөж сая болон цаашид хийгдэх болон бүтээгдэх зүйлсийг хэлнэ.
Бие хүн шинэчлэгдэж чадвал нийгэм шинэчлэгдэж хөгжил явагдана. Хуучиндаа хорогдсон ард түмнүүд шинийг бүтээж хуучинаа сайжруулж чадсангүй. Ийм ард түмэн яг л музей мэт л хуучиндаа хорогдож тоосондоо дарагдах жишээтэй. Тоос гөвөх шинэ залуу үе үүсэж чадахгүй бол хамтдаа тоосонд даруулсаар.
Мэдээж шинэ гэдэг бол өөрчлөлт гэсэн ойлголт. Тиймээс шинийг хүлээн авч чадахгүй гэдэг өөрчлөлтийг хүсэхгүй гэсэн ойлголт. Зарим хүн бүр шинээс айдаг. Шекспирийн Гамлет хуучныг халж шинийг бүтээдэг.
Энэ лекцээр хуучин хэдийд хэрэгтэй мөн хэдийд хэрэггүй тухай ярина. Өнөөдөр яагаад нийгэмд шинэ үүсэж чадахгүй өөрөөр хэлбэл шинийг бүтээх эрх чөлөөг дарж нийт иргэдийг эрх чөлөөгүй болгож хуучин дотор хорисон тухай ярицгаана.
Монгол хүн яагаад хуучныхаа боол болцгоов? Монгол хүн яагаад шинэ зүйлтэй танилцаж шинээр бодож, шинээр төсөөлж, огт танихгүй болон мэдэхгүйг хүлээн авах чадваргүй болцгоов? Тэр ч бүү хэл гаднаас орж ирсэн цоо шинэ үгийг болон ойлголтуудыг яагаад хуучин үг ухагдахуунаар орчуулж шинийг хуучин болгоно вэ?
Нийгмийг хараад байхад хуучиныг шинэчлэгдэхэд боломж өгөхгүй байгаа явдал хуучиныг бас устгасан мэт. Гэтэл хуучин дээр шинэ босож ирэх ёстой байдаг. Ингээд Монгол хүн хуучин ч үгүй шинэ ч үгүй явах мэт.
Шинэчлэлийн засгийн газар гэж ярисан. Тэгвэл хуучин ямар байсан түүнийг тодорхойлох хэрэгтэй. Хуучинаа гаргаж хуучиндаа үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй бол шинэ өөрөөр хэлбэл шинэчлэл ямар ч боломжгүй шүү дээ. Бодож сурах толгойгоо ажиллуулж сурах тэр цаг хүлээгдсээр. Бүгд хүлээнэ. Бүгдээрээ хүлээнэ. Нийгмээрээ хүлээнэ.
Зарим залуус урьд өмнө ээж аав эмээ өвөөгийнхөө үед юу ч байхгүй байсан мэт хандаж 50 жилийн өмнө 100 жилийн өмнө юу ч байгаагүй мэт бүдүүлэгтэнэ. Тэд цаашлаад өөрсдийнхөө дараа буюу үхсэнийхээ дараа цааш амидрал үргэлжилэхийг ухамсарлахгүй явцгаана. Залуучууд ирээдүйд саад хийнэ. Тэд хойч үедээ шинэ боломж үлдээх ёстой гэдгийг ч ойлгохгүй төөрөгдөнө. Залуу үе яагаад өмнөх үе ч үгүй хойч үе ч үгүй болцгоов?
Хуучиныг шинэчилж шинийг хуучин дээр босгоход шинэ болон хуучины зөрчил биш өөрөөр хэлбэл эсрэг тэсрэг биш харин ч хуучин шинэ хоёрын диалектик ирэх цаг болжээ. Үүнийг энэ лекцээр тодруулж ярилцана.

25 Лекц № 16: Өнгөрсөн ба ирээдүй. Past, future.

Хүний амьдрал өнгөрсөн дээр тогтож ирээдүйгээ тодорхойлдог. Улс үндэстэнүүд өнгөрсөнийгөө түүх гэнэ ирээдүйгээ төлөвлөж хөгжиж дэвшинэ. Хүн бодит намтартай. Харин түүх бол мэргэжлийн хүмүүсийн тайлбар болохоос бодит үнэн гэхэд бэрхшээлтэй.
Хүн өөрийнхөө өнгөрсөнийг санахгүй гэвэл хэн бэ гэхэд хэцүү. Өнгөрсөнийгөө засаж залруулж эсвэл өнгөрсөнийгөө богинохон санавал тэр хүнд ирээдүй босгож цааш өөрийгөө авч явахад хүндрэлтэй. Ийм хүмүүс нэгэнт хуурамч өнгөрсөнтэй тул ирээдүй бас хуурамч. Тэгэхээр энэ хүн цааш ямар хүн байх вэ гэдэгт тухайн хүний үнэн намтар чухал үүрэгтэй.
Хүмүүсийн хамтын өнгөрсөн сайн байвал цааш ирээдүйд хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг асуулт гарч сайн харьцаагаа баталгаажуулна. Хэрвээ хүмүүс хоорондоо муу харьцаатай бол цаашид ирээдүйд хэрхэн харьцаагаа сайжруулах вэ гэсэн асуудалтай тулгарна. Мэдээж хамтын ирээдүйг босгох гэвэл хэн хэнийгээ хүндэтгэж хүлээн зөвшөөрөх чухал. Зөвхөн эвтэй байх юу ч биш. Хамтран хийж бүтээх чухал.
Улс үндэстэнүүд өнгөрсөн дээрээ ирээдүйгээ босгож ирдэг. Жишээлбэл Монголчууд Хятад болон Орос хөршүүдтэйгээ хэрхэн ирээдүйг босгож ирэх вэ гэдэг өнгөрсөнийгөө хэрхэн ардаа үлдээх вэ гэсэн асуулттай тулгарна. Хэрвээ өнгөрсөнийгөө хамтдаа ухаж ойлгож засаж залруулж зөв ойлголттой болж хэн хэндээ сайн сайхныг хүсэж чадахгүй бол ирээдүйгээ босгож чадахгүй. Нэгэнт чадах чухал тул чадвар л хэрэгтэй. Түүнээс биш ямар ч баталгаа баримтгүйгээр нэг нэгнийгээ хардаж сэрдэж хувийн гомдол бүтэлгүйтлээ нийтийн болгож Хятад хүн муу эсвэл Орос хүн муухай гэвэл хөрш ард түмний ирээдүй босож ирэхгүй. Хөрш орнууд ирээдүйгээ босгож чадахгүй бол нэг нэгнийхээ тус дэмээр цааш хөгжихөд бэрхтэй болно.
Ялангуяа дэлхийн хөгжлөөс хол хаягдаж эдийн засаггүй Монгол хүмүүс цаашид хөгжихөд хоёр хөршүүд л тус болохоос биш алс холын орнууд шууд туслаж хэзээ ч чадахгүй. Санхүүгийн өр зээлийн тусламжаас илүү бодит баялаг бүтээх эдийн засаг босгож ирэх гэвэл хоёр хөршүүд л шууд туслаж чадна.
Энэ лекцээр өнгөрсөн ба ирээдүй гэсэн сэдэвийг ярихдаа өнгөрсөн дээр ирээдүйг хэрхэн босгож ирэх вэ гэсэн бие хүмүүсийн болон улс үндэстэнүүдийн хоорондын харьцааны тухай ярилцана.
Хувийн өнгөрсөн амьдрал ямар байв цаашлаад гэр бүлийн өнгөрсөн амьдрал ямар байв? Хэрвээ муу байсан бол одоо тэгээд цаашид ирээдүйд яах вэ?
Хүн өөрийнхөө өнгөрсөнийг зохиох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл бусад хүмүүс сайн мэдэж байгаа. Харин улс үндэстэнүүд олигтой өнгөрсөнд бүтээсэн зүйл байхгүй бол үлгэр домог зохиож түүх нэртэй өнгөрсөнтэй болж авдаг. Жишээлбэл Америк орон ердөө л 1776 онд анх төр улс болсон. Тиймээс тэдэнд өнгөрсөн олигтой түүх байхгүй. Гэтэл Ар Монгол 1924 анх төр улстай болсон хэдий ч яам сайд гээд хүмүүс хөдөлмөрлөж ажлаа явуулах байшин барилга гудамж талбай байсангүй. Харин энэ үед Европт физик математик болон инженэрийн хөгжил дээд цэгтээ хүрсэн байлаа.
Монголчууд түүхэндээ төр улсын тухай ойлголтгүй явсаар 20-р зуунтай золгосон. Хоорондоо нутгархаж байлдаж бэлчээрээ булаацалдаж хэдэн зуун жил болцгоосон. Хамаг Монгол, Пан Монгол, Нармай Монгол гээд л бүгд л Монголчууд нэгдэх гэсэн оролдлогууд байсан хэдий ч хоорондоо эв түнжин муу тул байлдаж нэг нэгнийгээ устгасан.
Хамгийн сүүлд 1930 аад онд Монголчууд нэгдэж анхны төр улсаа байгуулах гэсэн боловч бас л хоородоо лам, ноён, сайд, хувьсгалч, ард, цэрэг, сэхээтэн гэж хоорондоо муудалцан бие биенийгээ алцгаасан. Тэр үед л Ар, Өвөр, гадаад, дотоод, Буриад, Халимаг болж талцан муудалцсан. Түүний дараа баруун, зүүн, халх гээд л эцэстээ ястан махтан болж зөрчилдөөнтэй болцгоож одоо ч үргэлжилсээр л.
Ингэж хоорондоо нэг нэгнийгээ хэлмэгдүүлсэн буруугаа бусад руу чихэж өөрсдийгөө цэвэр авч үлдэх гэсэн оролдлого бол ирээдүйг босгоход тус болохгүй. Монголын ирээдүйд “Монголын гэрээ” хэрэгтэй.
Ерөөсөө Ар Монголд үлдсэн сүүлчийн төр улс Монгол хүмүүсийг цаашид ирээдүйд нэгтгэж авч явж чадах уу гэсэн асуулт гарч ирдэг. Сонгуулийн үеэр нутгархах ялангуяа албан байгууллагаас авахуулаад улстөрийн нам хүртэл нутгархаж аймгархаж буй явдалууд бол Монголчууд өнгөрсөнд ямар байсан гэдгийг баталж буй.
Хятадууд нэгдсэн тул том болсон. Оросууд нэгдэж төр улс байгуулж чадсан тул дэлхийн том газар нутагтай орон болсон. Өнгөрсөнтэй ард түмнүүд ирээдүйгээ босгож чаддаг ажээ.
Монголчуудын өнгөрсөн гэдэг нэгдэж чадаагүй тархай бутархайгийн түүх. Яагаад Монголчууд нэгдэж чаддаггүй вэ гэхээр Монголчууд нэгэнлэг ертөнцийн тухай ойлголтгүй тул ид шид ер бусын болон мухар сүсэгт итгэж түүндээ залилуулж мэхлүүлж ирсэн.
Монгол хүмүүс нэг нэгнийгээ хүндэтгэж хүлээн зөвшөөрөх тэр морал байхгүй. Үүний баталгаа бол сайн харьцангуй гэх ба хүн бүр өөрийн үнэнтэй гэж эндүүрдэг. Өнгөрсөнийг өнгөрүүлж чадсан ард түмэн хөгжинө. Өнгөрсөнтэйгээ зууралдах биш харин ухаарч хэрэгтэйг авч хэрэггүйг хаях чухал.
Энэ лекцээр тавигдах асуулт бол Монголчууд хэрхэн нэгдэж хүчтэй болж эв нэгдэлтэй байж чадах вэ гэсэн ирээдүйн асуулт тавигдах жишээтэй.

25 Лекц № 15: Хугацаа ба санамж. Time, memory.

Хугацаа гэдэг зөвхөн бугуйн цагны чаг чаг хийх хэмнэл биш. Хугацаа гэдэг үргэлжлэл гэж Философич Бергсон хэлжээ. Тэр үргэлжлэл бол өнгөрсөн, одоо ба ирээдүй. Энэ гурав тусдаа биш. Тиймээс өнөөдөр бол өчигдөр бас маргааш бол өнөөдөр гэдэг. Энд нэгэнт мэдлэгийн тухай ярьж буй тул шашны ойлголтуудыг ярихгүй.
Хүн өнгөрсөнийг санах санамж сайтай байх чухал. Санамжаа сайжруулахын тулд ухааны дасгал хэрэгтэй. Ялангуяа мэдлэгтэй болох гэвэл оюуны маш том хичээл зүтгэл хэрэгтэй. Мэдээж ийм болоход 5 эсвэл 6 жилийн хугацаа юу ч биш. Мэргэжилтэй болоход бол энэ хугацаа хангалттай.
Энэ удаагийн лекцээр хугацаа ба санамж гэсэн хоёр чухал сэдвээр ярина.
Хугацааны мэдрэмжгүй хүмүүс яарч товчлох гэдэг. Ялангуяа мэдлэгтэй болоход яарах хэрэггүй. Хугацаанаас гадна санамж чухал. Хугацаагаа дагаж санамж хөгждөг. Санамж сайжирч багтаамж томроход бас л хичээл зүтгэл гэсэн эрдэм чухал үүрэгтэй.
Мэдлэгтэй болоход хоосон цээжлэх аюултай. Ойлгож чадах хэрэгтэй. Ойлгохын тулд уншиж бичиж ярих гэх мэт олон чадваруудыг эзэмшинэ. Өөрийн ойлголт бол хязгаарлагдмал. Тиймээс өөрийн ойлголтоо бусдын ойлголттой жишиж залруулдаг.
Монгол хүн боловсрол болон шинжлэх ухаан хоёртой анх танилцаад тун удаагүй. Ердөө л социализмаар л дамжин мэдлэгтэй золгосон хэдий ч ардчилалын үед Монгол хүн мэдлэгээс хол хаягдсан. Мэдлэг цол зэрэгийн хэмжигдэхүүн биш болсон. Тиймээс Монгол хүн мэдлэгтэй анх танилцсан тэр түвшинээсээ даваж чадаагүй хэвээр үлджээ. Үүний баталгаа бол мэдлэгийг хэрэглэж чаддаг чадварт суралцаж чадсангүй.
Өнөөдөр цол зэрэгтэй мөртлөө мэдлэггүй хүмүүс их дээд сургуулиудад хичээл зааж оюутнуудыг балласаар л байна. Энэ бол гашуун үнэн. Баллуулсан оюутнуудыг засаж залруулах маш хэцүү байдаг. Санамжаа эвдүүлсэн оюутнууд бурууг мартаж зөвийг хүлээж авч чаддаггүй нэг том аюул бий.
Мэдлэг яагаад чухал вэ гэвэл боловсрол цаашлаад шинжлэх ухаан хоёр хоёулаа мэдлэг дээр тогтдог. Хэрвээ боловсролын систем сайжирч шинжлэх ухааны байгууллагууд хөгжих гэвэл мэдлэг л хэрэгтэй. Түүнээс биш хоосон доктор профессор гэсэн цол зэрэгүүд хоцрогджээ.
Мэдлэг өөрөө үнэн ба аргумент хоёр дээр тулгуурладаг. Боловсрол бас шинжлэх ухаан ч үнэн дээр суурилна. Боловсролгүй хүн үнэнгүй. Тиймээс л Монгол хүн өнөөдөр улс орноо хөгжүүлэх олигтой улстөртэй болж чадаагүйгийн шалтгаан энэ шүү дээ. Боловсролгүй улстөрч гэдэг үнэнгүй улстөрч гэсэн үг. Үнэнгүй гэдэг хөгжихгүй. Үнэн л хөгжил авчирна.
Үнэн болон аргумент гэх чухал ухагдахуунуудаас гадна хувийн үнэмшил хэрхэн зөв үнэмшил болж цаашид мэдлэг болох тухай ч бас лекцээр ярилцана.
Юу ч санахгүй хүмүүсийг хараад хэн бэ гэж асуухад хэцүү л байдаг. Жишээлбэл өөрийнхөө хүүхэд насаа санахгүй хүмүүс олон. Арван жилийн сургуульд юу хийж явсанаа юу сурсанаа ямар дүн авдаг байсанаа санахгүй өөрсдийг магтсан хүмүүс зурагтаар ярьж эрхэм хүмүүс болцгоогоод л.
Юу ч санахгүй өөрөөр хэлбэл санах дургүй хүмүүсийн хажуугаар өөрийнхөө намтарыг засаж балруулддаг хүмүүс ч олон болждээ. Ийм хүмүүсийг хэн гэх вэ? Юу ч санахгүй хүн бол хэн ч биш шүү дээ. Тэгвэл өөрийнхөө намтарыг засдаг хүмүүсийг хэн гэх вэ?