25 Лекц № 15: Хугацаа ба санамж. Time, memory.

Хугацаа гэдэг зөвхөн бугуйн цагны чаг чаг хийх хэмнэл биш. Хугацаа гэдэг үргэлжлэл гэж Философич Бергсон хэлжээ. Тэр үргэлжлэл бол өнгөрсөн, одоо ба ирээдүй. Энэ гурав тусдаа биш. Тиймээс өнөөдөр бол өчигдөр бас маргааш бол өнөөдөр гэдэг. Энд нэгэнт мэдлэгийн тухай ярьж буй тул шашны ойлголтуудыг ярихгүй.
Хүн өнгөрсөнийг санах санамж сайтай байх чухал. Санамжаа сайжруулахын тулд ухааны дасгал хэрэгтэй. Ялангуяа мэдлэгтэй болох гэвэл оюуны маш том хичээл зүтгэл хэрэгтэй. Мэдээж ийм болоход 5 эсвэл 6 жилийн хугацаа юу ч биш. Мэргэжилтэй болоход бол энэ хугацаа хангалттай.
Энэ удаагийн лекцээр хугацаа ба санамж гэсэн хоёр чухал сэдвээр ярина.
Хугацааны мэдрэмжгүй хүмүүс яарч товчлох гэдэг. Ялангуяа мэдлэгтэй болоход яарах хэрэггүй. Хугацаанаас гадна санамж чухал. Хугацаагаа дагаж санамж хөгждөг. Санамж сайжирч багтаамж томроход бас л хичээл зүтгэл гэсэн эрдэм чухал үүрэгтэй.
Мэдлэгтэй болоход хоосон цээжлэх аюултай. Ойлгож чадах хэрэгтэй. Ойлгохын тулд уншиж бичиж ярих гэх мэт олон чадваруудыг эзэмшинэ. Өөрийн ойлголт бол хязгаарлагдмал. Тиймээс өөрийн ойлголтоо бусдын ойлголттой жишиж залруулдаг.
Монгол хүн боловсрол болон шинжлэх ухаан хоёртой анх танилцаад тун удаагүй. Ердөө л социализмаар л дамжин мэдлэгтэй золгосон хэдий ч ардчилалын үед Монгол хүн мэдлэгээс хол хаягдсан. Мэдлэг цол зэрэгийн хэмжигдэхүүн биш болсон. Тиймээс Монгол хүн мэдлэгтэй анх танилцсан тэр түвшинээсээ даваж чадаагүй хэвээр үлджээ. Үүний баталгаа бол мэдлэгийг хэрэглэж чаддаг чадварт суралцаж чадсангүй.
Өнөөдөр цол зэрэгтэй мөртлөө мэдлэггүй хүмүүс их дээд сургуулиудад хичээл зааж оюутнуудыг балласаар л байна. Энэ бол гашуун үнэн. Баллуулсан оюутнуудыг засаж залруулах маш хэцүү байдаг. Санамжаа эвдүүлсэн оюутнууд бурууг мартаж зөвийг хүлээж авч чаддаггүй нэг том аюул бий.
Мэдлэг яагаад чухал вэ гэвэл боловсрол цаашлаад шинжлэх ухаан хоёр хоёулаа мэдлэг дээр тогтдог. Хэрвээ боловсролын систем сайжирч шинжлэх ухааны байгууллагууд хөгжих гэвэл мэдлэг л хэрэгтэй. Түүнээс биш хоосон доктор профессор гэсэн цол зэрэгүүд хоцрогджээ.
Мэдлэг өөрөө үнэн ба аргумент хоёр дээр тулгуурладаг. Боловсрол бас шинжлэх ухаан ч үнэн дээр суурилна. Боловсролгүй хүн үнэнгүй. Тиймээс л Монгол хүн өнөөдөр улс орноо хөгжүүлэх олигтой улстөртэй болж чадаагүйгийн шалтгаан энэ шүү дээ. Боловсролгүй улстөрч гэдэг үнэнгүй улстөрч гэсэн үг. Үнэнгүй гэдэг хөгжихгүй. Үнэн л хөгжил авчирна.
Үнэн болон аргумент гэх чухал ухагдахуунуудаас гадна хувийн үнэмшил хэрхэн зөв үнэмшил болж цаашид мэдлэг болох тухай ч бас лекцээр ярилцана.
Юу ч санахгүй хүмүүсийг хараад хэн бэ гэж асуухад хэцүү л байдаг. Жишээлбэл өөрийнхөө хүүхэд насаа санахгүй хүмүүс олон. Арван жилийн сургуульд юу хийж явсанаа юу сурсанаа ямар дүн авдаг байсанаа санахгүй өөрсдийг магтсан хүмүүс зурагтаар ярьж эрхэм хүмүүс болцгоогоод л.
Юу ч санахгүй өөрөөр хэлбэл санах дургүй хүмүүсийн хажуугаар өөрийнхөө намтарыг засаж балруулддаг хүмүүс ч олон болждээ. Ийм хүмүүсийг хэн гэх вэ? Юу ч санахгүй хүн бол хэн ч биш шүү дээ. Тэгвэл өөрийнхөө намтарыг засдаг хүмүүсийг хэн гэх вэ?

Advertisements