25 Лекц № 17: Хуучин ба шинэ. Ancient, modern

Хуучин хуучирна. Шинэ шинэчлэнэ. Хуучин хэнд хэрэгтэй вэ? Шинэ хэнд хэрэгтэй вэ? Яагаад хуучин хэрэгтэй? Яагаад шинэ хэрэгтэй?
Өчигдөр хуучирна. 1 жилийн өмнөх хуучирна. 100 жилийн өмнөх хуучирна. Маргааш гэдэг шинэ өдөр шинэ төлөвлөгөө шинэ амидрал. Гагцхүү хуучнаараа юу эсвэл шинэчлэгдсэн үү? Дараагийн жил энэ жилийнхээс илүү зүйлийг мэдэж авсан мөн илүү ихийг хийж бүтээсэн байх учиртай. Ингэж зөвхөн бие хүн биш ард түмэн цаашлаад улс орон шинэчлэгдэх чухал.
Бие хүн хуучнаараа байхыг хүсэх магад гэтэл нийгэм хуучнаараа байвал хөгжихгүй зогсонг байдалд орох магадтай бараг л хойшоо ухралт болох жишээтэй.
Хуучин гэдэг бол урьд өмнө болсон үйл явдал болон хийгдсэн зүйлсийг нэрлэнэ. Харин шинэ гэдэг дөнгөж сая болон цаашид хийгдэх болон бүтээгдэх зүйлсийг хэлнэ.
Бие хүн шинэчлэгдэж чадвал нийгэм шинэчлэгдэж хөгжил явагдана. Хуучиндаа хорогдсон ард түмнүүд шинийг бүтээж хуучинаа сайжруулж чадсангүй. Ийм ард түмэн яг л музей мэт л хуучиндаа хорогдож тоосондоо дарагдах жишээтэй. Тоос гөвөх шинэ залуу үе үүсэж чадахгүй бол хамтдаа тоосонд даруулсаар.
Мэдээж шинэ гэдэг бол өөрчлөлт гэсэн ойлголт. Тиймээс шинийг хүлээн авч чадахгүй гэдэг өөрчлөлтийг хүсэхгүй гэсэн ойлголт. Зарим хүн бүр шинээс айдаг. Шекспирийн Гамлет хуучныг халж шинийг бүтээдэг.
Энэ лекцээр хуучин хэдийд хэрэгтэй мөн хэдийд хэрэггүй тухай ярина. Өнөөдөр яагаад нийгэмд шинэ үүсэж чадахгүй өөрөөр хэлбэл шинийг бүтээх эрх чөлөөг дарж нийт иргэдийг эрх чөлөөгүй болгож хуучин дотор хорисон тухай ярицгаана.
Монгол хүн яагаад хуучныхаа боол болцгоов? Монгол хүн яагаад шинэ зүйлтэй танилцаж шинээр бодож, шинээр төсөөлж, огт танихгүй болон мэдэхгүйг хүлээн авах чадваргүй болцгоов? Тэр ч бүү хэл гаднаас орж ирсэн цоо шинэ үгийг болон ойлголтуудыг яагаад хуучин үг ухагдахуунаар орчуулж шинийг хуучин болгоно вэ?
Нийгмийг хараад байхад хуучиныг шинэчлэгдэхэд боломж өгөхгүй байгаа явдал хуучиныг бас устгасан мэт. Гэтэл хуучин дээр шинэ босож ирэх ёстой байдаг. Ингээд Монгол хүн хуучин ч үгүй шинэ ч үгүй явах мэт.
Шинэчлэлийн засгийн газар гэж ярисан. Тэгвэл хуучин ямар байсан түүнийг тодорхойлох хэрэгтэй. Хуучинаа гаргаж хуучиндаа үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй бол шинэ өөрөөр хэлбэл шинэчлэл ямар ч боломжгүй шүү дээ. Бодож сурах толгойгоо ажиллуулж сурах тэр цаг хүлээгдсээр. Бүгд хүлээнэ. Бүгдээрээ хүлээнэ. Нийгмээрээ хүлээнэ.
Зарим залуус урьд өмнө ээж аав эмээ өвөөгийнхөө үед юу ч байхгүй байсан мэт хандаж 50 жилийн өмнө 100 жилийн өмнө юу ч байгаагүй мэт бүдүүлэгтэнэ. Тэд цаашлаад өөрсдийнхөө дараа буюу үхсэнийхээ дараа цааш амидрал үргэлжилэхийг ухамсарлахгүй явцгаана. Залуучууд ирээдүйд саад хийнэ. Тэд хойч үедээ шинэ боломж үлдээх ёстой гэдгийг ч ойлгохгүй төөрөгдөнө. Залуу үе яагаад өмнөх үе ч үгүй хойч үе ч үгүй болцгоов?
Хуучиныг шинэчилж шинийг хуучин дээр босгоход шинэ болон хуучины зөрчил биш өөрөөр хэлбэл эсрэг тэсрэг биш харин ч хуучин шинэ хоёрын диалектик ирэх цаг болжээ. Үүнийг энэ лекцээр тодруулж ярилцана.

Advertisements