Монгол эр ба цагаан сар. Цочоодог эрчүүдийн жилүүд эцэслэх ойртов уу.

Цагаан сар болж шинэ сартай золгох дөхлөө. Зөвхөн Монголчууд биш дэлхийн бүх улс орон шинэ сартай золгоно. Мэдээж Азийнхан сарны хөдөлгөөнийг дагаж хуанли хийдэг тул сар шинийн баяраа тэмдэглэнэ. Харин нарны хөдөлгөөнийг дагаж хуанли хийсэн шинэ нар тэмдэглэдэг орнууд хэдийгээр шинэ сартай шөнийг өнгөрүүлэх ч гэсэн Азуудтай адил тэмдэглэхгүй.
Шинэ сартай золгож шинэ өглөө шинэ нарны тусгалтай уралдсан Монгол эрс нэг л цочоодог хэвээрээ. Одоо тэднийг шинэ онд битгий цочоогоорой гэж л анхааруулах зөв мэт. Ерөөсөө тэдний тухай бичихгүй бол цочоох л гээд буй.
Цочоодог Монгол эрс энэ өглөөг хэрхэн угтаж хэнийг цочоох болдоо. Ямар ч л гэсэн хэдий хир хөрөнгөтэй болсоноо ил харуулдаг эрчүүд хөөргөөрөө таниулах тэмдэг хийцгээх болов уу. Гадаа гараад харвал бас ямар машинтайгаараа хэр зэрэг феодал болж чадсанаа нэмж баталгаажуулах жишээтэй.
Хэрвээ цагаан сар эд баялгаа гайхуулдаггүй шашинлаг өөрөөр хэлбэл бурханлаг баяр байсан бол их л даруухан дөлгөөн хүнлэг баяр болж чадах байсан бизээ. Хөдөөнийхөн цагаан сарыг цаг агаарын урин дулаан ирлээ гэж л илүү их тэмдэглэж буй зөв шүү дээ.
Цагаан сарын өглөө Гандангийн сүм дуган руу өмнөх жилүүдэд уралдах төрийнхөн төр шашинийг салгах биш хольж буйг харахад ямар ч их цочоож байна даа гэмээр жилүүд өнгөрсөн дөө. Энэ жил яах бол доо?

Цагаан сараар гоёж гоодсон эрчүүдийг хараад нөгөө Монгол эрийн даруухан чанар хаачив аа л гэмээр. Хүүхэд эмэгтэйчүүд бол гоёж гоодолгүй яах вэ. Авгай хүүхнүүд үнэт эдлэлээ зүүх л байлгүй. Гэтэл үнэт эдлэлээр өөрийгөө чимсэн цочоодог эрсүүдийг харахад хэрэг байна уу л гэмээр. Эр хүн ухаанаар чимдэг бас эрдэмээр гоёдог биш билүү?
Ардчилалын жилүүдийн цочоодог эрчүүд ард түмэн улс орноо цочоож гэнэт эвгүй үйлдэл хийж сэтгэлийн хөдөлгөөний золиос мэдрэжмийн боол болцгоосон доо. Shock therapy нэртэй цочоолтыг Милтон Фридман гэж нэртэй бузар эр зохиож олон сайхан ард түмнүүдийг үймүүлж хичнээн хүний ажил амьдрал хохиров доо. Энэ нүглээ наминчлах гэж Фридман гуйа “I was wrong” гэж өөрийнхөө бурууг дэлхийн өмнө хүлээсэн.

Боддоггүй сэтгэдэг, ухамсаргүй мунхаг, мэдрэмжгүй гөжүүд, ханаж цадах гэж мэдэхгүй ичих, зовох, айх, хүлцэх, утопгүй, вижнгүй цочоож л ажлаа амжуулж хүссэнээ авч дурласанаа хулгайлдаг эрчүүдийн үе дуусах ойртож буй мэт. Үүний нэг жишээ гэвэл ном уншаад байх шиг. Философийн утгатай үгс урсуулаад байх шиг. Лам хүртэл философи ярьдаг болжээ. Уул уурхайн бизнэс хүртэл философитой болж гэнэ.

Цочоодог эрчүүдийн цаг дуусаж Оросын улстөрч Горбачевын “Өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ” нэртэй даацтай улстөр хийх тэр боломж ойртох болсон л баймаар. 20 гаруй жил төөрөгдүүлж өөрсдөө ч төөрөгдсөн цочоодог эрчүүд Монгол зангаа хэзээ хаях бол доо?
Горбачевийн номын гарчиг дээр “мышления” гэсэн үгийг яаж “сэтгэлгээ” гэж орчуулж болох вэ дээ. Энэ үгийг бодол гэж орчуулах байсан байна лээ дээ. Бодох дургүй сэтгэх дуртай тул хаа л бол алдаатай орчуулж хүний бодох чадварыг илэрхийлсэн логик гэсэн сайхан ойлголтыг орхигдуулна. Номны гарчиг орчуулахдаа хүртэл цочооно.
Орос-Англи хэлний толь бичиг дээр “мышления” гэсэн Орос үгийг “thinking” гээд бодол гэсэн байна шүү дээ. Одоо яая гэх вэ дээ. Ийм л орчуулга ийм л ойлголт сүүлийн 20 гаруй жилийн цочоодог эрчүүдийг төрүүллээ дээ.
Улстөрч нэртэй эсвэл боос цол гуншинтай цочоодог эрсийн цочоосон жилүүдийг харахад ямар ч сахилга батгүй, дэг журамгүй, эрдэмээс хол, эрхэм зүйлгүй, гал асааж мухар сүсэгээр л аргалах гэж оролдоно. Тэр ч бүү хэл Далай ламаар гэмт үйлдэлээ цайруулах гэж мянга мянган доллар төлж цочооно. Ийм байхад Улаанбаатар хот утаан дундаа угаарталгүй яах вэ.

Зарим цочоодог эрчүүд зохиолч гэж өөрийгөө нэрлэнэ бас урлагийн хүн гэж цол шагнал авна. Цочоодог эрчүүд сүүлдээ хагас дутуу философийн ном хүртэл орчуулдаг болжээ. Хаа сайгүй доктор профессор цолтой цочоодог эрчүүд алхалдана.

Цагаан сар ойртлоо. Уулын орой руу мацаж нар сар хэзээ ч харж байгаагүй болов уу л гэмээр сүржигнэнэ. Гардаг л сар гарч тусдаг л нар тусана шүү дээ.

Монгол эрс яаж цочоов?
Цочоодог эрс идэж уусан мөнгөөрөө ганцаараа гадуур тэнэж тоглож наадаж баясна. Ард түмэндээ зориулж хийж бүтээнэ гэж байхгүй. Бусдыг унагааж хохироож дээрэмдэж хулгайлах болохоороо нийлж хамтарч бүлэглэн бусдыг баллана.

Цочоодог эрчүүд бусдад өөрийнхөө бурууг өгдөг тул бусдаас буруутан гэж ороо авах гэж хорсоно. Тус болсон ах эгч дүү нараа мартан ороо авах гэнэ. Ээж аавынхаа бүтээсэн цаг үеийг доромжлон та нарыг үхсэн хойно л бид хөгжинө гэж хүн ёсны эсрэг зэрлэг авир гаргана.

Цочоосон эрчүүд бүтэлгүй тул цочоож байгаагаа ч мэдэхгүй. УИХ-ын танхимаас стадионы дэвжээ хүртэл, концертын тайзнаас их дээд сургуулиудын багш профессор эрчүүд хүртэл бүгд яг адилхан зүйл ярина. Хоорондоо ямар ч ялгаагүй. Мэдлэг боловсролын зөрөө ч байхгүй. Авсан дипломууд хүртэл нэг ижил. Толгой доторх ямар ч ялгаагүй гэдэг яриагаараа шууд л мэдэгдэнэ.

Цочоосон эрчүүдийг цочоодог нэг зүйл бол хэн ч хэнээсээ ялгарах үнэт зүйлгүй, зарчимгүй, хүн чанаргүй, эрдэмгүй, ул суурьтай бодолгүй, мэдлэг боловсролд суурилсан нухацтай яриагүй. Урсгалаар амидарна. Мөрөө хөөж довоо шарлуулна.

Америк, Япон, Герман, Англи орнууд руу явсан л гэнэ. Сурч диплом авч доктор болсон л гэнэ. Байгаа мэдлэгээс суралцаад цээжлээд ирэв үү байхгүй мэдлэгийг бүтээлцэж яваад ирэв үү? Англи хэл дээр улстөрийн ном уншиж явсан уу, Герман хэл дээр роман уншсан уу, Япон хэл дээр танин мэдэхүйн номууд уншсан уу? Алив яриа ч бас бичээ ч. Өөрийгөө магтаж бусдаар магтуулж цол шагнал хэргэм зэрэг соёрхолт авах ч яахав. Мэдлэггүй хүн л мэдлэггүй хүнийг шагнана шүү дээ.

Гэнэн томоогүй, дутуу, өнгөцхөн, яаруу сандруу, хүүхдээрээ эрчүүд дээ. Цочоохын оронд нэг зориглоод хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэнд ч заалгахгүй дотроосоо өөрөөсөө гаргаад нэг хэлж үзэх хатуужил байна уу? Хэдий хүртэл ламан амьдралаар, феодал хөрөнгөөр, капиталист хүн чанаргүйгээр алхах вэ? Төр хэзээ д социалист байх ёстой. Харин эдийн засаг капиталист байх муу биш.

Инээмсэглэл чуулгын ахмад насны эрс 40 өөд жилийн өмнө дуулсан “Зүрхний үг” дуугаа улиглан дуулцгаана. 40 өөд жилийн хойно зүрх хэлэх үггүй гэжүү. Өнөөдөр хэлэх амьдралын эцэст ирээд хэлэх “Зүрхний үг” байхгүй юу? Дуулахдаа биш хэлэхдээ шүү дээ. Дуугаараа хэлэх зүйл байхгүй гэж үү. 40 өөд жилийн дараа шүү дээ. Энэ хооронд юу ч болоогүй яагаа ч үгүй юу? Зүрхний үггүй юу?

Ахмад насны цочоосон эрсийг дагаад залуу үеийн цочоосон хөвгүүд гарч ирсээр л. Тэдний тоо цөөрөх биш ихэснэ гээч. “Либерализм”, “зах зээлийн хууль”, “өрсөлдөөний зарчим”, “миний эрх” ярьсан залуухан цочоодог залуус ирээдүйн бүтэлгүй эрчүүдийн тооны өсөлтийг баталгаажуулна. Цочоодог залуус хэдийний мэдлэг боловсролд бууж өгч зөвхөн санаагаа л ярьдаг санаанаас цаашгүй хэн нэгний сүүдэрт нуугдана.

Өөр төрлийн цочоодог эрс хүний өөдөөс хараад тухтай хэдэн цаг сууж ярьж чадахгүй. Өндөлзөөд л яриандаа төвлөрч чадахгүй. Тэдний гар утас дуугарч эхнэр нь ярих жишээтэй. Эхнэрийнхээ дууг сонсоод нөгөө түрүүчийн сүрхий сайхан том бие хаатай эр зүгээр л “жаал хүү” болно гээч. Одоо тэгээд түрүүчийн сүрхий их зантай эр нэгэнт жаал хүү болохоор шийдсэн тул түүнд би одоо “ээж рүүгээ” явдаа л гэж харцаараа хэлэхээс өөр сонголтгүй болох жишээтэй.

Эцсийн эцэст жаал хүүгийн ээжүүд л цочоосон эрчүүдийг хөөргөж улс орныг ард түмнийг цочоолгуулдаг биш үү. Өөрсдөө ч яахав цочоо нь гарчихсан л биз.

Би буруутай, би алдсан, би худлаа хэлсэн, би залилсан, би мэхэлсэн, би сэргэлэнтсэн гэж хэн ч ёс суртахууны наад захын морал гаргах чадваргүй гэж үү? Яагаад гэвэл ээж загнах уу?
Энэ цагаан сараар ээжүүд өөрсдийн бүтээсэн цочоодог жаал хүүнүүд дээ зориг тэвчээр хатуужил нэмэрлэж шинэ мэдлэг боловсролд суралцах боломж өгөхгүй бол цочоогоод байх уу?

Гар сунган золгох яах вэ сэтгэлээ илчлэн сэтгэл сунган золгоорой. Ирэх жил ядаж нэг өдөр худлаа хэлж хуурч мэхлэхгүй ерөөсөө цочоохгүй гэж л золгоорой доо. Бүтэлтэй эрс болцгооно шүү. Өөрөө өөртөө аав бас өөрөө өөртөө ээж мэт л бие даасан шударга ёс барьсан сайхан эрс болцгооно шүү. Мэлмий цэх.

С. Молор-Эрдэнэ.

Advertisements