25 Лекц № 23: Үнэт зүйлс ба эрхэм хүндэт хүмүүс. Values, Recognition.

Түрүүчийн лекцээр шагналын тухай ярьж өнөөдөр одон медалийн үнэ цэнэ алдагдаж агуулгагүй бас зорилгогүй болсон тухай ярилцсан. Ерөөсөө ардчилалтай нийгэмтэй болох гэвэл хэнийг ч бусдаас ялгаж болохгүй. Үүнийг хэрэгжүүлдэг Швейцар оронд ямар ч одонг зөвшөөрдөггүй бөгөөд одонгоор шагнахыг хуулиараа хорьдог.
Энэ удаагийн лекцээр заавал шагнал шаардлагагүй өөрөөр хэлбэл хэзээ ч шагнал аваагүй мөртлөө нийгэмд үнэт зүйлс бүтээж явдаг хүмүүсийн тухай ярилцаж өнөөдөр 21-р зуунд ямар Монгол хүмүүс эрхэм бэ гэдэг тухай ярилцана. Хамгийн эхний асуулт бол Монголчуудын үнэт зүйл юу вэ?
Үнэт зүйлс гэдэг заавал түүх эсвэл өв соёл байх албагүй бөгөөд ердөө л нийгэм болцгоож хамтран амьдрахад юу хамгийн чухал вэ гэдэг л үнэт зүйлс шүү дээ. 21-р зуны хамгийн үнэт зүйл бол боловсрол. Боловсролгүй нийгэм гэдэг ямар ч ирээдүйгүй. Боловсролоос гадна бас нэг нийгмийн үнэт зүйл бол эрүүл мэнд. Өвчтэй хүмүүсээр дүүрэн улс орон гэдэг удамшилийн буюу генийн доголдолд ордог тул эрүүл чийрэг хүүхэд төрөх баталгаа байдаггүй. Ингээд ёстой ирээдүй устана гэсэн үг.
Боловсрол, эрүүл мэндээс авахуулаад ардчилалын үнэт зүйлс болох эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гээд нийгмийн үнэт зүйлүүд бүгд дэс дараатай үнэлэгдэх ёстой. Мэдээж эдгээр үнэт зүйлсийн хажуугаар бас эд материалын үнэт зүйл байлгүй дээ. Жишээлбэл газар нутаг, мал аж ахуй, үйлдвэр худалдаа бас л үнэт зүйлд хамаарна. Ард түмэн олигтой хөрөнгө мөнгөтэй болж чадвал бас л үнэт зүйл болох жишээтэй.
Үнэт зүйлсийн үнийг унагахгүй харин ч тээж дэлгэрүүлж олны хүртээл болгож яваа хүмүүсийг хүндэтгэх бол тухайн нийгмийн үнэ цэнэ. Нийгэмд ямар ч цол зэрэг шагналгүй мөртлөө хийж бүтээж яваа хүмүүс бол жинхэнэ эрхэм хүмүүс дээ. Тэднийг л ёстой хүлээн зөвшөөрч чадвал одоо л эрдэмтэй ард түмэн болж чадна.
Ердөө 100 ширхэг хүн эрхэм биш Монголын 3 сая хүн эрхэм шүү дээ. Үндсэн хуулинд Монгол хүн бүр эрхэм гэж бичих ёстой. Гэтэл өнөөдөр цаг үеийн биш цаг үеэсээ хоцорсон 100 ширхэг хүнийг ямар ч их эрхэмлэв дээ.
Цагийн үеийн биш хүмүүс цагийн эсрэг хүмүүс бөгөөд тэд бараг л дайснууд. Тэд өнөөдөр хэнд ч ямар ч амьдралын туршлага яриад нэмэргүй. Залуу хүнд хэрэг болохгүй хувийн амьдралын паян туршлагаа зурагтаар биш гэртээ л ярих хэрэгтэй. Улс орны хөгжил болон нийгэм урагшлахад сурсан мэдлэгээ л зурагтаар ярих чухал. Яагаад гэвэл мэдлэг маргааш нөгөөдөр хэрэгтэй. Мэдлэгтэй болоход цаг хугацаа чухал үүрэгтэй. Энэ чухал цаг хугацааг л 100 эрхэмүүд алдсан байдаг. Тиймээс тэд мэдлэггүй үлджээ.
Өнөөдөр 21-р зуунд хүн хувийн туршлагаа ярих биш ямар мэдлэгтэй вэ гэдгээ л яривал цаг үетэйгээ нийцнэ. Цаг үетэй нийцнэ гэдэг мэргэжилдээ хэдэн жил ажиллаж ном бичиж жилээс жилд мэдлэгээ нэмэгдүүлсэн тэр их мэдлэгээ л бусдад түгээж бусадтай хуваалцах шүү дээ.
Өнөөдөр нийгэмд мэдлэг гэдэг зүйл мэдлэг ярих ёстой хүрээний хүмүүсийн дунд устжээ. Нийгмийг тэргүүлэх ёстой хүмүүс заавал мэдлэгтэй байх ёстой болохоос биш ард нийтээрээ өндөр мэдлэгтэй болох алба ч үгүй бас боломж байхгүй. Мэдлэг насаа дагаж өнгөрүүлсэн жилүүдээс хамааран нэмэгддэг. Хаа ч аль ч оронд очиход хамгийн их мэдлэгтэй хүмүүс хөгшин буурал үстэй байдаг. Гэтэл Монгол хүмүүс хөгшин буурал өндөр цол зэрэгтэй мөртлөө ямар ч мэдлэггүй. Нэгэнт мэдлэгтэй байх ёстой их дээд сургуулийн болон шинжлэх ухааны салбарын хүмүүс мэдлэггүй тул нийгэм жолоодлоггуй төрөөгдөлд оржээ. Иргэдийг зааланд цуглуулж ямар ч боловсролгүй соёлгүй доод түвшиний хүмүүс тэнгэр заяа хувь тавилан агаарын хүнс тэжээл энерги ярьж галзууруулна. Олон зуун хүн нэгэнт галзуурсан тул өөрийгөө болон залуу үеэ баллана.Үүний шалтгаан бол 90-ээд онд боловсрол гэж зүйл устсан. Ингээд боловсролгүй ардчилал эхэлсэн.
Улстөрч, эдийн засагч, хөгжмийн зохиолч, жүжигчин урлагийн хүмүүсээс авахуулаад яруу найрагчид цаашлаад лам бүр эдийн засагч хүртэл бүгд мэдлэггүй мөртлөө хамгийн их зурагтаар гарна. Ингээд мэдлэггүй хүмүүс мэдлэггүй нийгмийг үүсгэнэ. Мэдлэггүй ээж аавууд мэдлэгтэй болох ёстой үр хүүхэд залуу үеийг хохирооно. Ээж аавууд яагаад цаг үеийн биш болцгоож залуу үед гологддог вэ гэхээр өнөө л бөхийн өргөөндөө очоод хачин юм сонсоод толгой нь эргэчихсэн шүү дээ. Өөрсдөө л буруутай шүү дээ. Түүний оронд аав нь ном уншиж хүүхдүүдтэйгээ яриа өрнүүлж ээж нь бэлэн торт бялуу авахын оронд гэртээ хийж сурвал амьдрал жинхэнэ аз жаргалтай болох биш үү.
Нийгмийн хамгийн мэдлэггүй хүмүүсийг цуглуулан цаг үеийн биш зүйл зураггаар яриулах гэдэг цаанаа ямар зорилготой вэ? Шинэ үе ирж шинэ цаг үе авчрах гэж байхад яагаад өнөөдөр шинэ үеийг зогсоож бараг л шинэ үед дайсагнан вэ? Яагаад шинэ үеийг дагаад шинэ үеийн сэтгүүлчид гарч ирэхгүй байна вэ? Нөгөө л асуудаг асуултуудаа ярьж магтана нөгөө л хариултаа хариулж үзэгчидийг уйдаана.
Сая цагаан сараар зурагтаар юу харуулав аа. Шинийн нэгэнд өдөржингөө лам нар гарлаа биш үү. Цагаан сар чинь Түвдийн өөрөөр хэлбэл лам нарын баяр байна шүү дээ. Ерөөсөө цагаан сар цаг үеийн биш болжээ.
Бөө, мухар сүсэг, хүмүүсийг зааланд цуглуулах, аура, энерги, билэгдэл, арга билиг бүгд цаг үеийн биш. Цаашлаад тэнгэр үзэл, өв уламжлал, түүх, соёл бүгд цаг үеийн биш. Цаг үеийн бишүүдийг хэрхэн цаг үеэр солих вэ? Цагийн үеийн биш Монгол хүний энэ олон цаг үеийн биш зан заншил баяр наадам золголт бэлэг сэлт одон шагналууд. Оюуны доод түвшинд орсон нийгмийн хэв маягууд. Ирээдүйг ирүүлэхгүй хоцрогдсондоо мөргөл залбирал хийсэн айдас худал хуурамч заль мэх бялдуучлалаар дүүрсэн утаатай нийгэм.
Монгол хүн яагаад өнөөдөр мэргэжлийн түвшинд мэдлэгтэй болж чадахгүй нийт нийгмээрээ мэдлэггүй болсон бэ гэхээр хоёр чухал эрдэм дутагддаг. Нэгдүгээрт хувийн сахилга бат. Хоёрдугаарт нийгмийн дэг журам. Хувийн сахилга баттай хүн гэдэг өөрийн зорилгынхоо төлөө тууштай явах чадвартай бусдын шахалт дарамтанд ордоггүй байхыг хэлдэг. Харин дэг журам гэдэг гэртээ, сургууль дээрээ, гадаа гудамжинд нэг үгээр хэлэхэд олны дунд биеэ зөв авч явахыг заадаг.
Нэгэнт Монгол хүнийг эрхэм гэж Үндсэн хуулинд тусгаагүй тул Монгол хүмүүс хэн хэнийгээ хүндэтгэхгүй. Өөрийнхөө аав ээжийг хүндэтгээд бусдын буюу танихгүй хүний ээж аавыг хүндэтгэхгүй бол ийм хүн ердөө л арчаагүй хоосон. Өөрийнхөө хүүхдүүдийг хүндэтгэж чаддаг мөртлөө танихгүй хүний хүүхдийг хүндэтгэж чадахгүй бол ёстой хүн болоогүйгийн баталгаа.
Монгол хүн өнөөдөр юунд илүү үнэ өгч байна вэ? Боловсролд хэн илүү үнэ зарцуулна вэ? Хэн боловсролын дээгүүр алт мөнгө тавина вэ? Хэн хэнийг хэрхэн эрхэмлэж байна вэ?
Эдгээр асуултуудын тухай энэ удаагийн лекцээр ярилцаж яагаад өнөөдөр үнэт зүйлсийн жагсаалт хэрэгтэй вэ тухай ярилцана.
Энд ярилцаж буй Английн “value” гэсэн үгийг валют гэж нэрлэж дасжээ. Гэтэл энэ үгээр зөвхөн эд хөрөнгө гадаадын дэвсгэртүүдийг л нэрлээд байх шиг. Гэтэл боловсрол эрүүл мэнд гэх мэт бусад үнэт зүйлүүдийг адилхан валют гэх цаг болжээ.
Нийгмийн “recognition” гэсэн бусдыг эрхэмлэж хүндлэх тухай энэ философийн ойлголт Монгол хүний хувьд танил ойлголт биш. Монголчууд Манж, Түвдийн үеэс нэг нэгнийгээ эрхэм гэж хүндлэх биш харин ноён, дээдэс, хар шар феодалуудыг л шүтэж тэдэнд мөргөж тэдэндээ бас дээрэлхүүлж доромжуулж ирсэн түүх бий. Тиймээс өнгөрсөн үед хаадууд ч сүүлд ноёд феодалууд ч Монгол хүнд зориулж нэг ширхэг номын сан ядаж нэг ширхэг философийн ном орчуулсангүй. Мэдээж их дээд сургууль байгуулах тэдний хувьд дэндүү ахадсан асуудал.
Өнөөдөр ч гэсэн УИХ-ын гишүүнээс авахуулаад өөрсдийгөө ноёд феодал мэт эрхэмлүүлж хүндэтгүүлэх гэсэн арчаагүй нөхдүүд олондоо олон. “Муу нь муудаа дээрэлхүү” гэдэг яг л Монгол хүмүүст таарсан ойлголт. Улс орныг авч явж үлгэр жишээ байх ёстой хүмүүс яаж ингэж цагийн үеийн биш амьдарна вэ?
21-р зуун ирчихээд байхад л цаг үеийн биш зүйлстэй зууралдсан хэвээр. Нөгөө л мухар сүсгээ ярьсаар л. Мухар сүсэгчид бүдүүлэг ажлаа хийсээр л. Монгол хүн дарга боос захирал болоод л шууд нүд ам нь хачин хөдлөөд л царай нь мэлийгээд л хачин болчихдог. Их дээд сургуулийн захирал ректор болоод л шууд л хүн танихгүй болцгооно. Удирдах зөвлөл ярих дуртай. Юу ч мэдэхгүй чадахгүй хүмүүс юугаа удирдах вэ? Хэнийг удирдах вэ?
Монгол хүний нэг өрөвдөлтэй ааш зан бол жоохон юм социализмын үед Орост өнөөдөр Америкт эсвэл Японд сураад ирчихсэнийгээ их юманд бодно. Тэр жоохон өчүүхэн сурсан зүйлээ мэдлэг боловсрол гэж нэрлэнэ. Тэд жоохон зүйл сурсан гэдгээ баригдчихсан байгаагаа ч мэдэхгүй. Үүний цаадах эмгэнэлтэй зүйл бол одоо энэ хүмүүс МУИС эсвэл бусад их дээд сургуулиудад оюутнуудад хичээл заагаад дотоодын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа шүү дээ. Ингэж жоохонууд цааш жоохонууд бүтээнэ. Гагцхүү багш профессоруудынхаа жоохоныг мэдсэн айхтар оюутнууд дагаад жоохон болдоггүй тул ирээдүй бас харагдах шиг.
Энэ удаагийн лекцээр гэх мэт Монгол хүний үнэт зүйл, эрхэм хүмүүс, хүндэтгэх ёстой хөдөлмөрч хүмүүсийн тухай ярилцана. Монгол хүний дотоод руу өнгийж харан илэн далангүй ярих тул олон хүн өөрийгөө болон бусдыг олж харж хэнийг эрхэмлэж хүндэтгэх вэ гэдэг тодорхой болох жишээтэй.

Advertisements