“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 1. \Үргэлжлэл 2\

Хэн эрх чөлөөгүй вэ?

Өөрийн мэдэлгүй хийчихлээ гэж хэлдэг. Юу болсоныг мэдсэнгүй. Болж буй үйл явцад хөтлөгдөн яваа хүн яг хаашаа явж буйгаа өөрөө бол мэдэх бус. Олны урсгалд түрэгдэн хөтлөгдөж яваа хүн бараг л сэтгэл амар мэт. Юу ч төлөвлөхгүй, юу ч шийдэхгүй, юуны ч тухай бодох хэрэггүй. Иймэрхүү хүмүүс ёстой өөрийгөө урсгалд орхиж өөрийгөө алдана. Гэтэл энэ байдлаас татгалзах эрх чөлөө бий шүү дээ.
Наашаа хүрээд ир бидэндтэй хамт нийл тэгээд хамтдаа хийе гэж дуудах хүн гараараа даллаж хүрээд ир гэж хүнийг уруу татагчид өөрөө бас урсгалд автагдсан шүү дээ. Бусдад дуудагдаж уруу татагдах хүмүүс бас бэлэн. Өөрийгөө ингэж бусдын нөлөөнд бусдад даатган орхих хүмүүс хэдийгээр би өөрөө шийдээгүй гэх ч юуг ч би шийдэхгүй гэж өөрөө шийдсэн шийдэлээ ухаарах бишдээ.
Ерөөсөө хорвоогийн жам, цаанаасаа л ийм, зурсан зураг, ийм л хувь тавилантай байждээ гэх хүмүүс ирээдүйн тухай цаг хугацааны төсөөлөлгүй хүмүүс тул тэд тохиолдол бүрт утга өгч адгийн жижиг үйл явдалд хүртэл заавал нэг шалтгаан эсвэл шалтаг хайна. Ийм л хүмүүс эрх чөлөөгүй хүмүүс шүү дээ. Яагаад гэвэл ирээгүй цаг хугацаа гэж нэрлэдэг ирээдүй бол нээлттэй. Нээлттэй ирээдүйд уриднаас мэдэж хэлэх шиг тэнэг зүйл үгүй. Харин ирээдүйг төлөвлөж төлвөлөснөөр зохицуулах боломжтой. Мэдээж олон зүйлээс хамаарах зүйл төлөвлөснөөс өөрөөр тохиох боломжтой. Ирээдүй ийм нээлттэй тул эрх чөлөө бас нээлттэй. Маргаашнаас эхлээд хэн ч эрх чөлөөгөө эдлэх боломжтой. Ерөөсөө эрх чөлөө ирээдүйд зориулсан шүү дээ.
Эргэцүүлж бодоогүй, тооцоолж баримжаалаагүй, гаргалгаа гаргаж логик явагдаагүй, эргэлзэж асууж лавлаагүй бол шийдсэн шийдэл болон хийсэн үйлдэл эрх чөлөөт биш. Яагаад гэвэл өөрөө өөртөө хөөгдсөн, өөрийгөө хүчилсэн, өөрийгөө бариж чадахгүй, бусдын тулгалт, айлгах айлгалт, сүрдүүлэх сүрдүүлгүүд, ятгасан ятгалгууд эсвэл хайрцагласан үйлдэлүүд бүгд л эрх чөлөөг устгана. Нэгэнт тухайн хүн өөрөө яах ч боломжгүй бол одоо яая гэх вэ дээ. Муугаа мэдээд л дагана. Бусдын сүүдэрт, нөмрөгт, албан тушаалд, найраанд урсан явах жишээтэй. Ийм хүмүүсийн хүсэл хэдийний мохож эрүүл хэсэг өвчтэй болж өвчтэй хэсэг архаг болсон хүмүүс.
Бүгдийг хаяад орхиод явж чадахгүй өөрөө өөртөө хөөгдөн явах хүмүүс тоглоомчид дунд олон байх жишээтэй. Ийм хүмүүс бусдаас зээл аван тоглоно юуг ч хэнийг ч хамаагүй барицаалан тоглоно. Ан хийж байгалийг эвдэгчид, морь уралдуулж амитан зовоогчид, бөх барилдуулж хүн зовоодог бүгд л тоглоомчид. Тэд ан амитан морь мал хүн ард бүгдээр тоглоно. Бөхчүүдийг нутаг ус болгон талцуулан тоглож өшөө хонзон атаа жөтөө хор найруулах хэнийг унагаж хэнийг давуулах дээр хүртэл тоглоно. Хүн хүний тоглоом болцгооно. Гэтэл татгалзах эрх чөлөө бий шүү дээ.
Хаяж чадахгүй орхиж чадахгүй тоглох тоглоомууд болон тоглоомчид яагаад хийгээд буйгаа бас юунаас болж хожих гээд илүү гарах гээд өөрийгөө магтуулж гайхуулах гэж яваад буйгийнхаа дотоод хүчин зүйл шалтгаанаа мэддэг гэвэл тэд ёстой арчаагүй хүн тоглоомчид. Хэрвээ тэд нэгэнт тэр тоглоом хэдийний донтож гадаад хүчин зүйлүүдэд автагдсан гэвэл тэд өрөвдөлтэй тоглоомын золиосууд. Өөрийгөө олоогүй насанд хүрээгүй хүмүүсийн хүүхэд насны тоглоомууд эр хүн болох зав зай өгөлгүй үргэлжилнэ. Тоглоомчид хүнийг өрөвдөх гэж үгүй. Тоглоомчид илүү харж билүү долооно.
Ингэж өөрөө өөртөө хөөгдөн яваа хүмүүс бага наснаасаа заавал түрүүлэх ёстой эсвэл давах ёстой хүмүүжигдсэн түүнийгээ одоо хүртэл орхиж чадахгүй яваа хүмүүс шүү дээ. Тэдэнтэй адил бас олимпиадад заавал алтан медал авах ёстой гэсэн ямар зорилго утгагүй тэмцээн уралдаан уралцаанууд үргэлжилнэ. Түрүүлж давсанаараа би цаашид тийм зүйл хийж бүтээнэ гэсэн алсын хараагүй зөвхөн түрүүлээд цол шагнал аваад л медал зүүх л гэсэн өрөвдөлт бусдын болон өөрийн шахалтанд баригдсан бас хөөгдсөн хүүхэд залуучууд хожиммын амидралд баларсан хүмүүс. Тэд цаашаа өөрсдийн үр хүүхдээ бас баллана. Хаана л бол уралдана. Юуны төлөө ч хамаагүй уралцана. Заавал нэгдүгээр байранд орох гэж хичээж буй хүүхэд эцэстээ хэн болох вэ? Үргэлж түрүүлэх үү? Ерөөсөө үргэлж чадах уу? Хэрвээ чадахгүй бол яах вэ? Сэтгэлээр унах уу?
Юугаа ч мэдэхгүй яагаад байгаагаа ч мэдэхгүй өөрөө өөртөө хөөгдөн явахаас гадна ямар шалтгаан болон шалтагаа мэдэхгүй өрийгөө хүчилдэг хүмүүс бас олон. Өөрийгөө хүчиллэгчид юунд ч оролцохгүй юу ч хэлэхгүй гэнэ. Ийм хүмүүс сурч боловсорч өөрийгөө хөгжүүлэхээс татгалзаж өөрийгөө зориуд бууж өгүүлж бүгдээс татгалзсан хүмүүс. Татгалзсан хүмүүс идэж уухаас татгалзана. Зарим хүмүүс өөрийгөө хүчиллэж үргэлж хянаж ямар ч өөгүй мэт л болгоомжилно.
Зарим өөрийгөө хүчиллэгчид юм бүрт эргэлзэж үнэнийг үгүйсгэнэ бас амидралаас татгалзана. Тэд өөрсдийгөө мундаг дипломтой бас доктор цолтой гэх болов ч түүнийхээ зорилгыг ухаараагүй хүмүүс. Иймэрхүү эрх чөлөөгүй болох нөхцөл залуу наснаас эхлэнэ. Өөрийгөө хүчиллэсэн эрх чөлөөгүй хүмүүс эхнэр нөхөрөөрөө хязгаарлагдана. Тэд гэр ороноороо хязгаарлагдах тул гадаа нийгэмээс хол тасарсан хүмүүс.
Өөрөө хийж бүтээж нийтийн тусын тулд цаашлаад нийгмийн хөгжилд оролцохгүй зөвхөн өөрөөрөө эсвэл гэр орноороо хязгаарлагдан ажиллаж амидрах хүмүүс ёстой л арчаагүй хүмүүс. Өөрөөрөө хязгаарлагдсан эрх чөлөөгүй хүмүүсийн айдас бол бусдад муу гэж харагдахаас үхтэлээ айна. Тэд хаа л бол эцсийн үг, цэцэн үг, дөрвөн мөрт, иш татлал хэлэх гэж хичээнэ. Тэд нэгэнт бусадтай хамтарч чадахгүй тул бусдыг илүү болохоос бас үхтэлээ айна. Ийм хүмүүс чадах чинээгээр бусдыг идэвхигүй байлгахын тулд ажиллана. Энд тэнд коммент бичиж бусдын ажил хөдөлмөрийг унтрааж идэвхигүй юу ч хийхгүй байлгах гэж хичээцгээнэ. Яагаад гэвэл бусад хийж бүтээгээд эхэлбэл өөрөө хоцрогдоно шүү дээ. Ийм хүмүүс өөрийгөө бол хөгжүүлэхийг хэзээ ч зорихгүй. Яагаад гэвэл тэд зориггүй хулчгар төрөлтөнүүд.
Өөрийгөө хүчиллэж өөрөөрөө хязгаарлагдсан хүмүүсийн хажууд бас юу ч байсан айдаг өөрийгөө айлган хүчиллэгчид олон байх жишээтэй. Ийм хүмүүс амидралд орж инээж баясаж алдаж онохоос үхтлээ айна. Айдаг хүмүүс өөрийгөө хүчиллэж айлгана. Айх шаардлагагүй юу ч аймаар биш байхад л хүчээр айна. Ийм хүмүүс мухар сүсэг рүү, энд тэндхийн мэддэг чаддаг гэсэн хүмүүс рүү айдасаа тээж очиж айдасаа мөнгөөр нимгэлнэ.
Өөрийнхөө эрх чөлөөгөөр биш хүмүүс өөртэйгээ зууралдсаар амидралыг барна. Тэд ийш тийш оронуудаар явж энд тэнд очиж өөрийнхөө учрыг олох гээд ч бүтэхгүй. Яагаад гэвэл буцаад ирэхэд бүх асуудал хүлээгээд байж байгаа шүү дээ. Асуудалаас зугатаагчид бас өөрийгөө алдсан хүмүүс. Яг гэртээ суугаад нэг үгээр хэлэхэд байгаа газраа төвлөрч тэндээ өөрийгөө өөрөө л танин мэдэх чухал шүү дээ. Гэтэл энэ хүмүүс өөрийгөө олох гэж гадуур тэнэнэ. Таниагүй бол олохгүй.
Бүх асуудал шийдэгдээгүй бүгд хүлээж байхад гэртээ төвлөрөх хэрэгтэй. Үүнийг л бясалгал гэдэг болохоос бусадтай нийлээд ямар ч нэмэргүй. Бясалгалыг ганцаараа төвлөрч хийдэг тул ганцаараа байх чухал. Бясалгал гэдэг өөрийгөө л танин мэдэх шүү дээ. Гэтэл үүний тулд боловсрол хэрэгтэй. Нэгэнт цаад учрыг агуулгыг мэдэхгүй хүмүүс хий хоосон даган баясна. Мухар сүсэг элдэв бишрэлтэй хүмүүс өөрийгөө хүчиллэж бусдын үгэнд орж бусдыг үг дуугүй дагана.
Өөрийгөө хүчиллэн бараг л өөрөөсөө зугатаасан хүмүүс хил даван өөрөөсөө зугатаана. Тэдний зарим зугатааж буйгаа мэдээгүй тул итгэл үнэмшил хайж явна гэж өөрийгөө тайвшруулдаг. Гэтэл тэд үнэндээ ойр орчимын хүмүүсдээ итгэдэггүй тул гадагшаа явдаг. Итгэл үнэмшилийн жуулчид жуулчлан явна. Тэд мөнгө төлж бусдыг баяжуулна. Ерөөсөө өөрийгөө хүчиллэж мухар сүсэгт баригдсан хүмүүс ирээдүйгээс л айсан хүмүүс шүү дээ. Тэд ирээдүйн өмнө зог тусжээ.
Өөртөө хөөгдөгчид болон өөрийгөө хүчиллэгчид нэг л зүйлийг хийж чаддаггүй. Тэд чөлөөтэй нааш цааш сэлүүхэн бодож чаддаггүй. Юм бүрт заавал үнэмшиж шүтэн бишрэх шаардлагагүй гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр чигээрээ зүтгэнэ. Хүний үг сонсохгүй. Ойр дотны хүмүүсийн зөвлөлгөөг авахгүй.
Өөртөө хөөгдсөн өөрийгөө хүчилдэг хүмүүс юугаар чөлөөлөгдөх вэ? Ерөөсөө юунаас чөлөөлөгдөх вэ? Хэн нэгэн буруутай юу? Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан уу? Эсвэл гэр орны нөхцөл байдлаас шалтгаалж өөрийн мэдэлгүй ийм нөхцөл байдалд унасан уу?
Хүний урдаас юу ч хэлж чадахгүй хүмүүс эрх чөлөөгүй. Тэдний ээж аав эмээ өвөө эхнэр нөхөр бүх л тойрон хүмүүс юу ч хэлүүлдэггүй болгох жишээтэй. Хамгийн дотно гэх хүмүүс хүний сэтгэл үймрүүлж зорилго алдагдуулж хүсэл мохоодог. Тэдний өөдөөс эрх чөлөөгөө эдлэн хэлэх хэрэгтэй. Яагаад ээж аавууд үр хүүхдээ баллаж өөртөө хөөгдсөн хүмүүс болгоно вэ? Яагаад эмээ нар залуу үеийг баллаж өөрийгөө чухалчилна вэ? Хүн бүр л үхлээр айлгана. Гэтэл бүгдээрээ үхнэ шүү дээ. Залуу хүмүүст урт наслах баталгаа байхгүй тул эмээгээсээ өмнө ч үхэж мэднэ. Эмээ нар үр хүүхдийнхээ хэрэгт оролцож мухар сүсэгт уриалан дуудах шаардлага байна уу? Ээжүүд үр хүүхдээ лам руу авч очих шаардлага байна уу? Иймэрхүү өөрөө өөртөө хөөгдсөн эмээ нар өөрийгөө олоогүй ээжүүд үр хүүхдийн эрх чөлөөг хулгайлагчид тул бусдыг ирээдүйгүй болгож ирээдүйг бас хулгайлдаг шүү дээ. Ингээд л өрөвдөх гомдох холилдож амидрал утгаа алдана.
Эцсийн эцэст хэн ч хэнд ч өргүй. Хэний ч ачийг хариулах тийм наймаа амидралд байж болохгүй. Авлага нэхдэггүй өглөгө шиг хүний ёс хамгийн үнэтэй. Өгөх шаардлагагүй авах гэж байх л ёстой. Худалдаанд наймаа байдаг болохоос амидралд наймаа хийхгүй шүү дээ. Ийм л үед эрх чөлөө боломжтой.
Мөнгө төгрөг эд зүйл хөрөнгө баялагт л өр тавих эсвэл өрөө төлөх гэсэн ойлголт байдаг болохоос хүний ёсонд ямар ч наймаа байж болохгүй. Үр хүүхдэдээ эрх чөлөөний өртөй байх хэрэгтэй цаашлаад ээж аавдаа эрх чөлөөний өр тавих хэрэгтэй.
Эрх чөлөөгүй хүмүүсийн дотор бусдын өөдөөс үг хэлж чадахгүйчүүдийн хажууд бас бусдын үгээр явагчид маш осолтой. Өөрийнхөө үгийг хэлэх чадваргүй харин бусдын үгийг давтан хэлдэг нөхдүүд бас л эрх чөлөөгүй. Тэд хэний үгийг давтаж хэлсэнээ нууна. Бусдын үгээр явагчид өөрийгөө алдаж өөрийгөө орхиж өөрөөсөө салсан хүмүүс шүү дээ. Ийм хүмүүсээс болж нийгэм хөгжихгүй. Мөнгө төгрөг эд баялаг хөгжил авчрахгүй эрх чөлөө хөгжил авчирдаг. Хүсэх эрх чөлөөгүй ард түмэн хэзээ ч хөгжихгүй. Олон хүмүүс шуналаа хүсэл гэж эндүүрдэг.
Хүний өөдөөс үг хэлэхгүй нууж дарж явагчид болон бусдын үгээр өөрийгөө тэвчин явагчид нууж амидарч нууж баярлана мөн тэвчиж амидарч тэвчин бууж өгнө. Ямар их эрх чөлөөгүй хүмүүс ингэж нууж амидарч тэвчиж өдөр өнгөрөөнө вэ?
Эрх чөлөөгүй өөрөөр хэлбэл хүсэх эрх чөлөөгүй болчихсон хүмүүс ойр орчиныхоо хүмүүсийн үгэнд орохоос аргагүй, бусдыг дагахаас өөр замгүй цаашлаад хамт байхаас өөр сонголтгүй хүмүүс тул тэдэнд байсан шиг байх ямар ч боломжгүй. Тэд зүгээр л оршихуйнууд. Гэтэл эрх чөлөө гэдэг бол нээлттэй. Боломжоо хаяж сонголтыг алдаж явах хүмүүс нээлттэй биш тул тэд ирээдүй гэсэн ямар ч ойлголт байхгүй. Нээлттэй ирээдүй эрх чөлөө авчирна гэдгийг бас ойлгодоггүй.
Эрх чөлөөгүй хүмүүс мэдлэг, үнэн, оршихуй, сайны онол, бодит эрх чөлөө, хариуцлага, хийж бүтээх, хүсэх хүсэл гэх мэтийн талаар мэдлэг байхгүй тул өгөгдсөн эрх чөлөөгүй амидралаа өөрчлөх бас боломжтой гэдгийг ухаарахгүй тул мэдээжийн гэж хүлээн зөвшөөрсөн хүмүүс. Мэдээжийн хүмүүс бусдыг баллана. Өгөгдсөнд хууртан мэхлүүлэн явах хэзээ ч шинэ өгөгдөл бүтээхгүй. Гэтэл шинэ өгөгдөлөөр эрх чөлөө хөгжинө.
Эцсийн эцэст хүн өөрөө эрх чөлөө надад хэдийд хаана хэрэгтэй вэ гэдгийг мэдэхгүй бол эрх чөлөө ярих ч хэрэггүй. Мэдээж нэг талд эрх чөлөө, сонголт, шийдэл, хариуцлага гэсэн маш онцгой асуудлууд байхад нөгөө талд ойлгох ойлголт, нөхцөл байдал, хуулийг биелүүлэх цаашлаад дүрэм ёс суртахуун гэсэн асуудлууд бий. Ерөөсөө хүсэх эрх чөлөө гэдэг шийдэх эрх чөлөө шүү дээ.

Зайлшгүй эрх чөлөөний тухай

Эрх чөлөөг хэрэглэхгүй бол илжирдэг гэсэн үг бий. Нэгэнт эрх чөлөөний талаар ойлголтгүй бол эрх чөлөөний хэрэг гарахгүй. Ингээд нийгмээр дүүрэн эрх чөлөөгүй хүмүүс явцгаана. Мэдээж дураараа бүдүүлэг хагас дутуу боловсролтой хүмүүс бас л эрх чөлөөгүй хүмүүс.
Эрх чөлөө боловсрол авчирна бас эрх чөлөө мэдлэг авчирна. Эрх чөлөө байхгүй гэвэл айдас аймшигт хорогдож сүсэг бишрэлд баригдан модонд мөргөж уулын оройд цугларч хадаг хийсгэж байгалийн чулуу хөдөлгөж овоолон тойрцгооно. Хүний эрх чөлөө гэж байдагтай адил байгалд бас хадгаар ороолгуулахгүй сүүгээр цацуулахгүй цэвэр онгоноороо байх эрх чөлөө бий шүү дээ. Байгалийг эрх чөлөөгүй болгох хүмүүс яаж ч өөрсдөө эрх чөлөөтэй байх вэ дээ.
Ерөөсөө нөхцөл байдалд баригдахгүй дагахгүй хүн хөөргөхгүй өөрөө түүнийгээ дагаж хөөрөхгүй үнэ өгч харц чулуудахгүй сонсож гилжийхгүй толгой үргэлж дохихгүй өөрийнхөөрөө байх бол жинхэнэ эрх чөлөө. Гэтэл эрх чөлөөгүй хоосон толгойтой хүмүүс толгойгоо дохиход хөнгөн хаашаа л бол хаашаа гулдайхдаа амархан. Энэ бүгдээс л эрх чөлөө шалтгаална. Эрх чөлөөтэй болох гэвэл нөхцөл байдалыг тоох хэрэггүй.
Хүн нөхцөл байдалыг нэг бол зохицуулна үгүй бол зохицуулахгүй. Нөхцөл байдал нэг бол шалтгаан болох боломжтой үгүй гэвэл шалтгаан болохгүй.
Энд хэлэхэд нөхцөл байдал яриад байвал эцэстээ ялагдалд хүргэнэ. Мэдээж зарчим, дүрэм, үүрэг, хариуцлага гэх мэт эрх чөлөөнд эхлээд саадтай мэт боловч эрх чөлөөг боломжтой болгодог гэдгийг мартаж болохгүй. Энэ бүгд байхгүй гэвэл хулгайч, дээрэмчин, зальтай, овтой, мэхэлдэг, сэргэлэнтдэг хүмүүс эрх чөлөөг дарж дарагдуулан дураараа дургиж жаатайхан жаалцгаана. Ийм л хүмүүс эрх чөлөөний дайсанууд шүү дээ.
Эрх чөлөөний дайсанууд өөрөө өөртөө хөөгдсөн хүмүүс. Тэднийг одоо яая гэх вэ дээ. Өөрийгөө хүчиллэж бусдын харц дагасан хүмүүсийг одоо бас яая гэх вэ дээ. Өрөвдөөд утгагүй бас гомдоод нэмэргүй. Тиймээс “Би” гэж хэлэх бие даасан хүн үүсэх тийм ч амаргүй. Мэдээж хүн бүх зүйлээс чөлөөтэй гэх боломжгүй. Шаардлага ч үгүй.
“Би” гэж хэлэх бие даасан хүмүүс яагаад үүсэхгүй шалтгаанууд гэвэл мэдээж хамгийн түрүүнд хүүхэд нас эх үндэс болдог. Хүүхэд насанд олигтой биш харин дандаа өшөө хонзонгоор ээж аав эмээ өвөө цэнэгдлэсэн бол ийм хүмүүс нийгэмд хортой. Тэд хожим хойно жинхэнэ хэлмэгдүүлэгчид болцгоосон жишээ олон бий.
Эхээс төрөх яах вэ. Ээж аав эмээ өвөө яаж хүмүүжүүлэх яах вэ тэр бүгдээс л салж чадах хэрэгтэй. Жинхэнэ “Би” л хожим төрөх чухал. Ингэж жинхэнэ “Би” төрөхөд олон зүйл шалтгаална. Жишээлбэл хүний бие, зан төрх, бодох бодол, мэдрэх мэдрэмж, сэтгэх сэтгэл, ирээдүйг төсөөлөх төсөөлөл, шинийг сэдэх сэдэл, өнгөрсөнөө санах санамж өөрөөр хэлбэл санагалзах чадвар гэх мэт хамгийн шийдвэрлэх үүрэгтэй.
“Би” гэж хэлэх боломжгүй болчихсон хүмүүс яах ч аргагүй, ингээд л явна, болж л байна даа, илүү яах вэ дээ, одоо өнгөрсөн, бүр дүүрсэн гэж хэнд ч хэрэг болохгүй гай болох үгс урсгана. Тэдний зарим байж байгаа л энэ гэж орогнох газраа хайна. Хамгийн аюултай хүмүүс жам ёсоороо, цаанаасаа, хувь тавилан, заяа төөрөг эсвэл хараал хүрсэн гэж цаг үеийн биш орчин үеэс татгалзан эртний харанхуй хоцрогдсонд хорогдож гэрэлд гарч ирэхээс айж өөрийнхөө алдааг нууцгаана. Тэд бүгд л эрх чөлөөний дайсанууд. Тэд хүний хүсэл мохоож хүсэл устгагчид.
Хэдийд тухайн хүнд хүсэл үүсэх боломжтой вэ гэхээр хүүхэд насаа сайн санах хэрэгтэй тул санамж санагалзах чухал. Түүнээс гадна аливааг зураглаж төсөөлөх чадвар хэрэгтэй. Нэмэж хэлэхэд бодох бодол хүсэл үүсэхэд маш их нөлөөлнө. Хүсэл гэдэг дур эсвэл өөрийн бодол өөртөө зөв гэсэн мухар сүсэг биш шүү дээ.
Эрх чөлөө ярина гэдэг дотоод ба гадаад харах харцыг ярина гэсэн үг. Дотоод сэтгэл болон санаагаа харж чадах. Түүнээс гадна байдал ямар билээ гэж гадагшаа харах харц чухал. Энэ хоёрыг хоёуланг харах харц хэрэгтэй.
Ямар ч боломжгүй үед ямар ч эрх чөлөөгүй гэх биш нэгэнт хүний ухаан саруул ажиллаж байвал эрх чөлөө гэдгийг эдлэж л байгаа. Саруул ухаантай байхад олон зүйл нөлөөлнө. Тиймээс саруул ухаан мэдээжийн өгөгдсөн биш. Эрх чөлөөтэй хүн л саруул ухаантай шүү дээ. Гэтэл эрх чөлөө гэдэг энд ярисан тэр л олон хүчин зүйлүүдийн нэгдэл шүү дээ.
Хүссэнийгээ биелүүлэх эрх чөлөөний тухай
Үргэлжлэл бий.

Advertisements