“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 2: Нийгмийн эрх чөлөө

Найзуудын эрх чөлөө
Анд найз анд явахад хэрэгтэй. Найз нөхөд нөхөрлөлд хэрэгтэй. Үерхдэг найзуудын нас ойролцоо тул үерхэнэ. Дотно найз энэ бүгдээс ялгаатай учир маш ойр нарийн нандин зүйлээ хуваалцаж итгэлтэй явцгаана. Найдвартай найздаа найдна. Зальтай найзад залилууна. Ашигладаг найзад ашиглуулна. Хохироодог найз хохироогоод явна. Атаархадаг найз холдохгүй. Хүндэтгэдэг найз зай барина.
Найзуудын эрх чөлөө гэсэн мэдээж морал буюу ёс суртахуун цаашлаад шударга ёс гэсэн ойлголтууд дээр тулгуурлан яригдах цаг үеийн сэдэв болжээ. Яагаад гэвэл нийгэм өөрөө найзлал дээр хар үгээр хэлбэл түншлэл дээр тогтох зарчимтай.
Ард түмэн цаашлаад үндэстэн бүр найзын тухай олон ном зохиолууд бичжээ. Мэдээж энэ бүгд хот үүсэж түүнийг дагаж анхны нийгмүүд үүсэж байх үед л яригдаж эхэлжээ. Хамгийн эртний найзын тухай хэлсэн үгүүд жишээлбэл үнэхээр сайн найз гэвэл шалгуур давах ёстой гэжээ. Түүний хажуугаар бас жинхэнэ найз ганцхан л байх болохоос биш зэрэгцсэн хоёр жинхэнэ найз гэж хэзээ ч байхгүй гэжээ.
Найзууд нэг нэгнээсээ гуйх эсвэл нэг нэгэндээ учир зүггүй талархах хэрэггүй гэсэн зарим ард түмний найзын тухай тодорхойлолтууд их л өндөр түвшинд найзлалыг тавиж буй. Түүнээс гадна хэн бүх хүнтэй найз вэ тэр лав миний найз биш шүү гэж ямар ч утгагүй хүн бүртэй найр тавьдаг хэнд ч хэрэггүй найрсаг хүмүүсийг шүүмжилжээ.
Найзыг ихэнхдээ магтсан биш шүүмжилсэн байхыг харахад үнэхээр сайн найзтай болох тийм ч амаргүй гэдгийн баталгаа. Яагаад гэвэл ёс суртахуун өөрөө өндөр шаардлага тавина. Шударга ёс эзэмших ёстой хүүхэд насны хүмүүжил тийм ч амархан бүтэлтэй болдоггүйг эртний ард түмнүүд анхааруулж буй. Гэхдээ энэ бол танихгүй хүмүүсээр дүүрсэн нийгэм үүссэн газар шүү дээ. Хөдөө газар нийгэм ярих боломжгүй.
Хятадын зохиолуудад хэтэрхий дотно салдаггүй найз цаанаа далд дайсан шүү гэж анхааруулжээ. Тиймээс найз хэзээд дайсан байх боломжтой гэдгийг захиж үлдээжээ.
Жинхэнэ найз шүүмжилж нүдэн дээр хэлсээр байгаад хүнд байдлаас гаргах чадвартай харин муу найз худлаа магтаж хоосон үг дагаж хэлсээр байгаад балладаг гэж хүртэл найзыг наймаа болгодог тухай хэлжээ. Харин амитан хэзээ ч асуулт тавихгүй бас хэзээ ч шүүмжлэхгүй тул иймэрхүү муу найзууд амитанаас ялгаагүй.
Хэрвээ хүн муу найзтай гэвэл ёстой л баавгай тэврээд авсантай адил эхлэхдээ сайхан тэврэлдсэн ч одоо салах гэвэл базуулна эсвэл том савар урж тасдана л гэж ойлгох хэрэгтэй байх жишээтэй.
Монголчууд анх социализмын үед Улаанбаатар хот үүсэх үед найз гэсэн шинэ ойлголттой танилцсан. Зарим хүн найзын тухай айхтар зүйр цэцэн үг хэлэх гэж оролдсон байдаг. Жишээлбэл сайн явахад зуун найзтай муу явахад найзгүй ч гэх шиг. Энэ үг шинэ үеийн нийгэм хөгжсөн орчинд ямар ч боломжгүй. Ерөөсөө хот суурин газар муу явах боломжгүй яагаад гэвэл нийгэм дотор хүн өөрийгөө аваад явах боломж их байдаг. Харин эрт дээр үед сайн муу явах тухай зүйр цэцэн үгүүд хүчинтэй. Хоорондоо нэг нэгийгээ алж явсан аюултай хуулийн тухай ямар ч ойлголтгүй зуу хүрэхгүй жилийн өмнө муу явах наад захын хэрэг шүү дээ.
Өнөөдөр цаг үе өөрчлөгдсөн. Бас ч гэж гадаад орноос олон шинэ хууль дүрэм болон ёс суртахуун орж ирсэн шүү дээ. Өнөөдөр бараг л сайн явахад атаархаад юун зуун найзтай манатай. Олон залуус өөрөөсөө доогуур хүмүүстэй дуртай найзлах жишээтэй. Гэтэл сайн найзыг өөрөөсөө илүү найзыг дагавал хөгжинө шүү дээ. Тиймээс найз олшироод ирвэл их л муу яваагийн шинждээ.
Уулзаж яриж сууя чи хайчив аа хэнтэй уулзаад намайг тоохоо боливоо гэсэн найзууд салахгүй байвал их л муу яваагаа мэдэх хэрэгтэй. Найзууд үг хэлгүй чимээгүй болчихвол өөрийгөө сайн явна гэж ойлгох бас боломжтой.
Өнөөдөр боловсролтой мэдлэгтэй ярианы сэдэв тодорхой ухамсартай илүү дутуу үггүй чанд болчихвол найз олдохгүй л болов уу. Ингэхээр муу хүнд л найз олон байдаг бололтой. Тийм ч учраас улстөрийн намууд муу хүмүүсээр дүүрч муу хүмүүс муутайгаа найзалцгаана. Эндээс л муу мянганыхан гэдэг үг гаралтай болов уу.
Найз, анд, үерхэл, нөхөрлөл энэ бүгд хэнд хэрэгтэй үгнүүд вэ? Яг ингэж нэрлэхээр найзууд байна уу? Найз гэдэг хугацаатай ашиг дээр л тогтох болохоос үлгэр домогт гардаг айхтар үнэнч журамт найзууд бий юу? Найз гэсэн гэр бүлийн хүмүүсээс хамаагүй танихгүй байж байгаад танил болсон хүмүүсийг хэн гэж нэрлэх вэ? Нэг нутгийн биш ах дүү биш хамаатан биш мөртлөө найз гээд ойрын хүмүүсээс онцгой ялгаатай энэ найз нэртэй хүмүүс хэн бэ? Хэзээ ч хамт амидрахгүй мөртлөө онцгой цаг үед чухал хэрэгтэй үед найз болон үнэнч явах тэр цөөхөн бараг ганцхан тэр найз хэн бэ?
Арван жилийн найз, нэг ангийн найз, оюутан байхдаа анх танилцсан найз гээд олон найзууд үүссэн тэр социализмын үед Улаанбаатар хотод нэг байрны найзууд хамт хөгжим тоглож эсвэл сагсан бөмбөг тоглодог байсан. Тэр ч үргэлжилсээр. Хөдөө очихоор дотуур байрны найзууд гэж айхтар соргог найзлалууд байдаг. Өнөөдөр хөдөө сургуулиуд хөгжиж дотуур байрны хүүхдүүд сэргэж буй бололтой. Дотуур байрны хүүхдүүд багш сургуультайгаа ойрхон гэрийн ажлаас хол тул хөгжих боломж их байдаг. Ардчилал эхлэхэд хайран сургуулийн барилгууд сөнөж дотуур байрууд нурж сүм хийдүүд арзайж ярзайталаа олширсондоо. Муу цаг муу болохоороо өнгөрч л таараа.
Эмэгтэй хүмүүсийн хоорондын найзлал мэдээж эрэгтэй хүмүүсийн найзлалаас ялгаатай. Эмэгтэйчүүдийн найзлал ойр дотно эгч дүү шиг болох жишээтэй. Хоорондоо хэн хэнийгээ хүлээн зөвшөөрч хамтдаа хийж бүтээх жишээтэй. Эрэгтэйчүүдийн найзлал тодорхой хугацаанд тодорхой болзолтой найзлах жишээтэй. Ерөөсөө эрчүүдийн найзлал мэдлэг боловсрол чадварын түвшин дээр явагдахгүй гэвэл чөлөөт цагийн л найзлал болохоос өөр замгүй.
Чөлөөт цагийн найзлалууд хамт хийж бүтээхээсээ илүү цаг нөхцөөхөд зориулцгаана. Загсанд явах эсвэл покер хөзөр шатар тоглож боломж гарвал зүгээр л суухыг хичээцгээнэ. Харин эрэгтэй болон эмэгтэй хүмүүс найзлах гэвэл их л төвөгтэй найзлал болдог яагаад гэвэл Платоны хайр гэдэгтэй адил найзлалын зорилго заавал секс биш ямар нэг цаад утга учир хоорондын хамтын зорилго дээр тулгуурлах жишээтэй. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн найзлал сэрэл дээр биш сэтгэл дээр тулгуурлавал ёстой жинхэнэ найзууд болох боломжтой.
Нэгэнт найзлал гэнэт л танилцаж найз болсонтойгоо адил хэзээ ч ямар ч цаг үед гэнэт төгсгөл болох боломжтой. Гэхдээ жинхэнэ найзууд салах хайрт хосууд салахаас ч илүү хүнд тусдаг гэдэг. Мэдээж найзууд салах цаг ирсэн гэвэл салах л хэрэгтэй.
Туслаж дэмжихгүй найзаар юу хийх вэ? Шинэ дэвшилтэт зүйлд дургүй хуучинсаг мухар сүсэгтэй найзаар юу хийх вэ? Ном яриж хөгжиж баясаж чадахгүй идэвхитэй биш уйтгартай гомдолтой найзаар юу хийх вэ. Улиг болсон зүйр цэцэн үг хэлж хаа хамаагүй өнөөдөр ямар ч хүчинтэй биш шүлэг яруу найраг ярисан хоцрогдсон найзаар юу хийх вэ. Хэн ч болоогүй юу ч чадахгүй байж амидралын утга учир яриж бүгдийг үгүйсгэдэг хоосон чанарт найзаар юу хийх вэ. Хамтын үнэт зүйл байхгүй гэвэл найз гэх ямар ч боломжгүй.
Өнөөдөрөөс маргааш гэхэд ямар ч их айхтар дотно үй зайгүй нэг л хөөрсөн баяссан нэг нэгнийгээ хаданд гартал магтсан найзууд бие биенээ үзэн ядан салцгаах жишээтэй. Тиймээс найзуудаа найз гэж байхгүй шүү гэсэн үг байдаг.
Мэдээж ашигтай найз бол тэр ашиглаж буй зүйлээр л найзлана. Найзууд түүнийгээ ч мэднэ. Ашиг дуусахад найзлал дуусах тул цааш яахаа мэдэхгүй бантана. Багын найзууд заавал ашиг гэхгүй хүүхэд насны сайхан санамжуудаа дурсан найзалдаг. Багын найзтай тааралдахад яг л хүүхэд насандаа очдог тул хүүхэд насанд хүргэдэг галт тэрэг хэрэггүй.
Арван жилийн сургуулийнхан уулзах дуртай байдагийн нэг шалтгаан бол зөвхөн хүүхэд насаа дурсах биш ерөөсөө Монголчуудад хүүхэд насны ээж аавын хүмүүжил маш ховорхон байдаг тул ээж аавын хүмүүжил эдлээгүй хүүхдүүд ангийнхантайгаа их дотно болсон байдаг. Олигтой ээж аавгүй хүүхдүүд орцныхоо ах нартай нийлж хүмүүжил авах жишээтэй. Мэдээж сайнаасаа илүү мууг бас сурна шүү дээ. Дотуур байрны хүүхдүүд илүү ойр яагаад гэвэл тэр байранд хамтдаа нэг өрөөнд унтацгаана шүү дээ. Хөдөө дотуур байрны хүүхдүүд гэж маш төвөгтэй сэтгэл зүйн асуудалтай найзлалууд үүссэн жишээ олон бий.
60 хүрэхгүй жилийн өмнөөс Улаанбаатар хотод нэг орцныхон гэсэн ойлголт гарч найзууд их үүссэн. Ийм найзлалуудыг хөдөөнөөс Улаанбаатар хотод анх удаагаа ирж байр сууцанд амидарч эхэлсэн ээж аавууд ойлгохгүй их л хэцүү байх жишээтэй. Ээж аавууд болохоор хамаатан садангаас өөр ойлголтгүй л хөдөөнөөс ирнэ шүү дээ.
Орос оронд социализмын үед мянга мянгаараа оюутан болцгоосон Монгол залуус хоорондоо маш их найзлах шаардлага гарсан. Ерөөсөө түүхэндээ гэр орноосоо нэг их хол явж хүний газар гүний нутагт явж үзээгүй зөвхөн Монголдоо гэсэн ард түмэн яаж ч тэр хөгжилтэй орнуудад хөлөө олох вэ дээ. Ерөөсөө өөр аймагт очсоныгоо л хүний газар гэдэг хүмүүс шүү дээ.
Анх социализмын үед хүн төрөлхтөний мэдлэг боловсролтой танилцахаар Орос явсан найзууд олноороо сургуулиасаа хөөгдөж ирсэн шалтгаан гэвэл тэд мэдлэг боловсролд хэт дарагдсан. Монголчуудыгаа хуурч мэхлэж болох ч мэдлэг боловсролыг хуурч мэхлэх боломжгүй шүү дээ. Ингээд олон найзууд мэдлэг боловсролоос дайжсандаа.
Найз гэж нэрлэхэд төвөгтэй энэ олон цаг үеийн ашигтай ашиггүй утгатай утгагүй олон төрлийн танилаас дээгүүр холбоо үүссэн хүмүүсийн тухай ярилцаж найзаасаа болж балрах найздаа залилуулж амидралгүй болсон эсвэл найзынхаа хүчинд хөрөнгө мөнгөтэй болсон эсвэл найзаараа дамжуулж төрийн сайд болсон гээд янз бүрийн найзлалууд эерэг сөрөг талуудтай. Гэхдээ энэ Монгол нэртэй хүмүүсийн жишээ шүү дээ. Яагаад гэвэл ёс суртахуун болон шударга ёс байхгүй газар найз ярихын тулд сэтгэл дээр биш эд хөрөнгө дээр л тулгуурлахаас өөр замгүй. Мэдээж гайгүй хүмүүжил авсан цөөхөн хүмүүс ёс суртахуунтай жишээ бий хэдий ч даан ч цөөхөн.
Социализмын цаг үед нийгэм үүсэж сургуулиуд шинээр үүсэж мэргэжил бас анх удаагаа үүссэн үеэс л найз гэсэн ойлголт шинээр гарч ирсэн. Тиймээс ихэнх найзлалууд өнөөдөр сургуулийн, оюутны байхаас гадна мэргэжлийн найзууд байх жишээтэй. Жишээлбэл эмч эмчтэй найз, багш багштай найз жолооч жолоочтой найз, инженэр инженэртэй найз гэх мэт. Энэ найзууд хамтдаа ойн баяр тэмдэглэж нэг нэгнийгээ одон медалиар шагнаж өнгөрсөн цагаа санагалзаж шагналаар цайруулах жишээтэй.
Ардчилалын үед мэргэжил болон сургуулиуд устаж хувьчлал нэрийн доор нийгмийн бүтэц үнэт зүйлс уналтанд орж найз гэсэн ойлголт өөр утгатай болжээ. Ухамсар биш мөнгө толгойлсон өнөөгийн цаг үеийн найзууд хүртэл мөнгөн дээр тогтох жишээтэй. Мөнгө нэгэнт ноёлох тул мөнгөө дагаад мухар сүсэг гаарчээ. Нийгмийн давхрага мэргэжил дээр биш мухар сүсэгээс шалтгаалан дэндүү өөр бүтэцтэй болжээ.
Мөнгө төгрөг хөрөнгө эзэмшил дээр тогтсон өнөөдөрийн найзууд хэнийг шүтдэг вэ түүгээрээ найзлана тиймээс тэд шүтлэгийн найзууд. Мөнгөний их бага хэмжээгээрээ найзлана. Ердөө л мөнгө ба мухар сүсэг гэсэн хоёрхон сонголттой өнөөгийн цаг үе дэндүү ядуу хямдхан бас дэндүү боловсролгүй.
Ядаж байхад яр гэгчээр найз гэж буй хүмүүс ч онцгой сонин гоо сайхан ёс суртахуун мэдлэг боловсрол гээд шинэ дэвшилтэт зүйлгүй дэндүү уйтгартай. Онигоо ярихаас цааш толгой хөгжөөгүй. Сүүлдээ бүр онигоо яридаг өвөгчүүд өөрсдийгөө эрхэм гэж нэрлүүлэх жишээтэй. Ардчилал эхлэхдээ ямар ёс суртахуун дээр эхэлсэн биш онигоо яридаг онигооч нар дээр эхэлсэндээ.
Эцсийн эцэст найз гэж хэн бэ? Хэнийг найз гээд хэн гайхуулаад байна вэ?
Хийх ажилгүй, унших номгүй, чөлөөт цаг алж амидардаг баян тансаг хүмүүс чөлөөт цагаар л найзлана. Ямар ч зорилго хүсэл мөрөөдөл байхгүй бэлэн мөнгө бэлэн хоол бэлэн байр бэлэн эд бараан дээр тогтсон феодал маягийн хэлхээ холбоосууд найз гэхэд хэцүү. Залуу үе найз нэрийн дор найзлах биш найрна. Найрсаг найзууд аюултай. Найрсаг охидууд хортой. Найрсаг хөвгүүд худлаа.
Эрчүүд болон эмэгтэйчүүд найз гэхээрээ хэнийг хэлнэ вэ? Тунгалаг тамир кино филмд Төмөр болон Эрдэнэ гэсэн ах дүү хоёр Итгэлт ба Түгжил гэсэн хоёр найз нэртэй худлаа нөхдүүдэд амиа алдах шахаж амидралаа утсгуулдаг. Түгжил болохоор Цахиур Төмөрийн хурдан адуунд шунаж хутга дүрж алах гээд бүтэлгүйтдэг. Мэдээж кино филм болохоор л бүтэлгүйтсэн. Итгэлт болохоор Эрдэнэ найзынхаа царайлаг эхнэр Долгор луу шунаж найз Эрдэнийн сэтгэлийг сэвтүүлж улмаар энэ гэр бүлийг сөнөөдөг. Монголчууд найз гэвэл ийм л хүмүүс дээ. Яагаад гэвэл нэгэн шашин нэгэн бурхан байхгүй тул ямар ч ёс суртахуунгүй. Тиймээс ердөө л хурдан адуу царайлаг эхнэр хоёр найзын аминд хүрэх жишээтэй.
30 оны хэлмэгдэлийн үед бас л найзууд найзынхаа царайлаг эхнэрийг авах гээд худлаа түүх зохиож явсан олон жишээ бий. Мэдлэг боловсролтой найзыгаа хүртэл гадаадын тагнуул гэж буудуулаад хөдөөнөөс орж ирсэн найзууд амиа аргалах жишээтэй. Монголчууд өөрсдийгөө л хөнөөдөг. Хэлмэгдэл Монгол найзуудын хоорондын өшөө хонзонгийн том жишээ. Түүхээс харахад түүнээс өмнө найзууд мөн ч их хоорондоо нэг нэгнийгээ алсандаа.
Ерөөсөө яагаад найз хэрэгтэй билээ? Хэнд найз хэрэгтэй вэ?
Хайртай хосууд салах болон гэр бүлийн эхнэр нөхөрүүд салах тийм ч амар асуудал биш. Гэтэл найзууд салах бол өнөө маргаашийн асуудал мэт. Түүнээс гадна салсан найзууд гэнэт гараад ирэх жишээтэй. Гэнэт гараад ирсэн найзтай үргэлжлүүлэн найзлахад бас л асуудал байхгүй. Найз гэдэг ердөө л хоёрхон хүний асуудал тул ээж аав эмээ өвөө хадамууд гээд л өч төчнөөн ар гэрийн хүмүүстэй ямар ч хамаагүй тийм амархан хөнгөхөн холбоос шүү дээ.
Интернэтийн найзууд, чааталдаг найзууд, фэйсбуукийн найзууд гэсэн гэрэл цахилгаан тасрахгүй бол найзлаад байх боломжтой найзлалууд бол нутаг ус болон нэг гал гэж юм л бол нэг гэсэн ойолголтуудтай ямар ч хамаагүй шинэ соёл үүсгэжээ. Мэдээж хэн хэнийхээ царайгаа сайн хараагүй тул хожим уулзаж царайгаа харалцахад фэйсбуукийн зурагнаас шал өөр байна шүү дээ гэдгийг мартаж болохгүй. Фэйсбуук дээрээ бичсэн сонирхдог, дуртай гэдэг ухаантай үг цэцэн мэргэн иш татлалуудаасаа шал өөр хүн байх боломжтой шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй л болов уу.
Өнөөдөр нэгэнт сэхээтэн гэсэн ойлголт устаж сэхээтний төлөөлөл болох хүмүүс ховордсон худлаа хуурамч ургуулсан сахалтай өвгөд хөгшид мухар сүсэгтсэн цаг үед өндөр түвшинд уран бүтээл болон уран зохиолын түвшинд найзлах сэхээтэний найзлал огт байхгүй байх жишээтэй. Тийм ч учраас унших ном устаждээ. Зөвхөн цагаан толгойн үсэг гадарладаг хүмүүст зориулсан үсэглэлийн гэхүүдээ ном нэртэй хувийн ойлгосноо орчуулга гэдэг хувийн жижигхэн төсөөлөлөө роман гэж нэрлэсэн ном нэртэй хувийн болон өврийн дэвтэрүүд л номын дэлгүүрээр дүүрч дээ. Тиймээс номын дэлгүүр биш дэвтэрийн дэлгүүр л гэмээр.
Элит хүмүүс үсэх боломжгүй боловсролгүй хүмүүсээр дүүрсэн багш профессороос авахуулаад сайд дарга нар хүртэл хар маасаас ялгарахгүй энэ нийгэм нэртэй бөөгнөрөл болсон хот нэртэй хожимдсон соёлын төв зах зээл эсвэл банк санхүү гэсэн хоёрхон баруун зүүн гартай. Зах зээл нэрийн дор нэг нэгнийгээ хохироож тонож дээрэмдэнэ. Үүнийгээ хамгаалахын тулд ядуу яваа чин чиний буруу гэнэ. Яг үнэн ядуу явахгүйн тулд хулгай хийх хэрэгтэй. Ингээд хулгайчийн орон болоход уриалан дуудаж буй хүмүүсийн үг доод түвшинд гэдэг харагдаж байгаа биз. Энэ чин л ёстой муугийн ёс биш Монголын ёс тийм үү.
Найзуудаа найзлал яван явсаар юу хийж юу бүтээсэнийг харах боломжтой. Ерөөсөө 90 онд дотуур байрны найзууд төр засгаар тоглох гээд байр орцны найзууд аж үйлдвэрээр тоглож хувьчилсан биш үү. Оюутны найзууд нам болж тоглож буй биш үү. Найз гэж ямар ч их балагтай ойлголт вэ дээ. Биеэ даагаад эрхэмсэг ганцаараа явах боломжгүй юу. Заавал нийлж хавсайдаж холгож хорсох хэрэг байна уу. Хүний олон хүнээ алсаар л. Найзын олон улсаа балалсаар л. Тэр миний найз гэж хэлж буй хүмүүсийг сэжиглэх хэрэгтэй.
Залуусыг харахад найзлал тийм ч доогуур үнэлэх холбоо хэлхээс биш мэт харагддаг. Ихэнх найзлалууд аав ээжийн чадахгүйг орлох мэт. Олигтой хэлж ярихгүй дотно биш аав ээжээс хэзээ ч уулзаад хэрэгтэй хэрэггүй зүйл яриж стрессээ тайлах найзууд илүү дээр байх жишээтэй. Эрчүүд хэзээ ч өгч чадахгүй шударга зангуудыг эмэгтэйчүүд найзлаж хоорондоо солилцох жишээтэй. Найз гэсэн ойлголт шинэ үеийг шаардаж буй бололтой. Шүлэг яруу найрагт гардаг хуучины ойлголтууд хоцрогджээ.
Өнөөдөр залуу эмэгтэйчүүд болон нөхөргүй хүүхнүүд найзлал ихэссэний жишээ бол эрчүүдийн хямралын үр дүн шүү дээ. Их дээд сургуулийн ихэнх профессор хочтой хүмүүс эмэгтэйчүүд байх жишээтэй. Хурал болоход эмэгтэйчүүд. Уулзалт болоход эмэгтэйчүүд. Лекц ороход хүртэл эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүд хайчив? Эрэгтэйчүүд наадам хийж морио уралдуулж бөхөө барилдуулж нум сум харваж явна уу? Эрчүүд мөнгөө энд тэнд нууж гадаад орноор мөнгөө үрж тэнүүчилж явна уу? Гэрээ мартсан Гэсэрүүдийг яана даа.
Одоо тэгэхээр найзууд аа, “Алдагдсан найзуудын эрэлд” гэсэн ном л бичих үлдэждээ.

Үргэлжлэл бий.

Дараагийн сэдэв: Бүлэг 3: Өөрийгөө бүтээх эрх чөлөө.

Advertisements