2016 оны мэндчилгээ.

Шинэ он маргааш ирж 2015 оноо өнөөдөр шөнө бид үдэцгээнэ. Хугацаа гэдэг биднээс үл хамааран урагшилж өнгөрсөн хугацаа хэзээ ч дахиж ирэхгүй. Цагаар хэмжигдэх хугацаа гэсэн энэ том ойлголт дотор би өөрөөсөө хамаарах бүхнийг амжуулж философийн мэргэжилийг улс орондоо нэвтрүүлж боломжоороо олон шинэ үеийн сэхээтэн хүмүүс төрүүлэхийн төлөө мэрийсэн хэвээр.

Блогийг нийтдээ 89 орноос хүмүүс орж уншсан ба 38.000 хүн бүртгэгджээ. Үүнийг уншаад би юуны түрүүн намайг дэмжиж бас миний ажлийг үнэлж явдаг хүмүүст талархалаа илэрхийлэхийг хүснэ.

Би өөрийнхөө ажлаа маш сахилга баттай бас дэг журамтай хийдэг. Хүүхэд насны цэвэрч нямбай хичээнгүй идэвхи зүтгэлтэй хүмүүжил арван жилийн сургуульд байхад багш нар эрдэмийн далай нэртэйгээр бидэнд сургаж билээ. Энэ эрдэмүүд сүүлд Герман оронд олон жил ажиллаж амьдрахад их тус болсон.

Ингээд 2016 он эхлэхээс хэдэн цагийн өмнө би блог уншигчидтайгаа болон цаашид шинээр унших хүмүүстэй өнгөрсөн 2015 оноо дүгнэж хэлэх гээд амжихгүй яваа хэдэн шүүмжүүдээ бас бичихээр шийдлээ. Хэн ч хийсэн ажлаа заавал дүгнэж хэлэлцэх хэрэгтэй. Энэ бол хариуцлага.

Би бусад ард түмэн үндэстэнүүдийн хийж бүтээсэнийг харан биширч хордож зэвүүцдэггүй харин өөрийн эх орондоо тэдний адил их зүйл хийж бүтээх юмсан гэж л явсаар ирлээ.

За ингээд ганц хоёр хийсэн ажлаа олон нийтэд тайлагнахыг зөвшөөрнө үү. Энэ жил нийтдээ дараах номуудыг хэвлүүллээ:
1. Америкийн алдарт зохиолч Капотигийн “Тиффанигийн дэргэдэх өглөөний цай” роман
2. “Философийн эхүүд” нэртэй унших сурах бичиг
Дараах номуудыг бусадтай хамтарч орчууллаа:
1. Германы философич Фроммын “Хайрлах урлаг”
2. “Шинжлэх ухаан” нэртэй танин мэдэхүйн ном
3. “Психологи” нэртэй танин мэдэхүйн ном

Энэ номуудыг хэвлүүлэхийн хажуугаар энд тэнд олон лекц уншиж илтгэл тавилаа.

Өнгөрсөн 5 сард “Хүний хүсэл хэрхэн эрх чөлөөтэй байх” тухай сэдэвтэй олон улсын философийн хурал анх удаагаа санаачилж ШУТИС-тай хамтарч зохион байгууллаа. Энэ хуралд намайг философийн доктор болгосон профессор Фоссенкуулыг Германаас урин авчирч оролцууллаа. Яагаад философийн хурал анх удаа гэж нэрлэж байгаа вэ гэхээр өнгөрсөн үед бас одоо ч философийн хурал нэрийн дор үргэлж шашины буддизмын хурал хийцгээдгийг бид сайн мэднэ шүү дээ.

СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн оюутнуудад урлагийн философи болон эстетикийн лекцүүд орсоны ачаар тэд маш сайхан үзэсгэлэн гаргаж оюутанууд урлаг гэдэг философийн мэдлэггүй бол үргэлжийн дутуу явах болно гэдгээ ойлгож авцгаав.

Жил бүр зохион явуулдаг “25 Лекц” нэртэй цуврал лекцүүд 3 дах жилдээ амжилттай явагдаж байна. Монгол хүн философийн мэдлэгтэй танилцах энэ боломжийг олон иргэд хөгшин залуу гэлтгүй бүгд адилхан сонирхож хагас сайн өдөр бүр 11 цагаас ирж байгаад их баяртай байгаа гэхүү.

Шинэ он 2016 онд “Монгол хүний үнэ цэнэ” сэдэвтэй цуврал текстүүд блог дээрээ бичихээр төлөвлөж буй. Монголчууд сэхээтэний давхрага байхгүй тул бусад ард түмэнтэй адил философоор дамжуулан шинэ үеийн сэхээтэнүүд төрүүлэх ажлаа үргэлжүүлнэ.

Улаанбаатарын нийгмийг харахад тархай бутархай шалдар булдар бөөгнөрсөн түгжирсэн цаг алддаг л амьдрал ажиглагддаг. Эрчүүд нэг л насанд хүрч өгөхгүй залуучууд нэг л ном унших дургүй.

Нийслэл нэртэй Улаанбаатарын дүр зураг урд Богд ууланд утаа багатай харин хойшоо нүүрс түлж халаадаг айлуудын ойролцоо утаа ихтэй. Рашаантын 18 т боорцог биш нүүрс дутагдсаар. Бээжин хотын утаа үйлдвэр хөгжилийн үйл явцаас гаралтай гэвэл Улаанбаатарын утаа гэрээ дулаацуулж хоол цайгаа хийхээс шалтгаантай гэхүү.

Монгол хүмүүс ерөнхийдөө нэг нэгнийхээ дээр гарах дуртай цэцэрлэг маягийн сэтгэхүйтэй тул нэг талд хэт баян ноёд маягийн амьдралтай бүлэг хүмүүс нөгөө талд нүүрснээс хувь заяагаа хамааралтай болгосон өдөр дутмын амьдралдаа бууж өгсөн олон мянган хүмүүс явцгаах. Баячууд нүүрсэээ гадагшаа хямдхан зарсаар л ард түмэн муу чанарын нүүрс хамгийн үнэтэй худалдаж авах жишээтэй.

Монгол хүн олон зүйлийг бодож сурах хэрэгтэй болжээ. Өнгөрсөн түүхээ хатуу шүүж шүүмжлэх цаг ирсэн. Ингэж чадвал ирээдүй гэгээтэй болох тул цаашид түүх гэсэн сэдэвтэй нилээд хурцаар үзэлцэх зорилготой байгаа.

Монгол хүний түүх өөрөө өнгөрсөнд философийн мэргэжилтэй тийм ойр явсангүй. Хэдийгээр урд хөрш Хятад болон хойд хөрш Орос орон хоёулаа асар том философийн мэргэжлийн түүхтэй ч гэсэн Монгол хүн тэр мэдлэгээс суралцаж түүнийг эх орондоо нэвтрүүлж чадсангүй.

Гадаад орнуудад сурсан анхны сэхээтэнүүд 1950 аас 1960 аад онд хэдийгээр мэргэжил эзэмшсэн хэдий ч хорвоо ертөнцийн талаар олигтой мэдлэг боловсрол олж авч этик болон эстетикийн мэдлэгээс хүртэж эх орондоо нэвтрүүлж чадсангүй.

Хараад байхад философийн багш профессор гэж нэрлэдэг хүмүүс жинхэнэ мэргэжлийн хэмжээнд ойлгож чадсангүй. Анхны үеийнхэн өөрөөр хэлбэл анх танилцсан алтан үеийнхэний дараа жинхэнэ ойлгох чадвартай хоёр дах үеийнхэн гарч ирэх ёстой байтал ардчилалын өөрчлөлт эхлээд бүх боловсрол нуран унасан. Өөрчлөгдөх биш бүгдийг сөнөөгөөд эвдээд хаячихсан. Ингээд өнөөдөр философийг зөвхөн анхны үеийнхний хэмжээнээс дээш гаргаж чадсангүй.

Хоёр дах үеийнхэн 70 аас 80 аад онд философийг ойлгох хэмжээнд хүрэх ёстой байтал бидний мэдэхээр мэдлэг боловсролоос хойш сууж ерөөсөө мэдлэг боловсролыг дэндүү буруу ойлгосон монголчууд ардчилал нэртэй хөгжилөөс ухарсан үйл ажиллагаа явуулж ингээд философийн мэргэжил дөнгөж нахиалаад устсан.

Хүн төрөлхтөний агуу бүтээл болох философийг мэдээгүйгээс бас ойлгоогүйгээс шалтгаалж өнөөдөр сайн муугийн ялгаа мэдэхгүй сайхан муухайгийн нэгдсэн үнэлэмж байхгүй. Бүгдээрээ нэгэн зөв буруугийн үнэлэмжтэй болж чадсангүй. Нийгмийн нэг үгээр хэлэхэд олон нийтийн үнэт зүйл буюу үнэлэмж ярих ямар ч боломжгүй болжээ.

Өнөөдөр үнэт зүйл гэхээр их сургуулийн багш нар боловсрол мэдлэг эсвэл тэгш эрх цаашлаад эрх чөлөө ярихын оронд бүр хадуурч бөх барилдах морь уралдах эсвэл бөөгийн мухар сүсэг гэж хэлэх наад захын лекцийн сэдэв болжээ. Аргагүй шүү дээ. Үс засдаггүй өдөр гээд үсээ засуулдаггүй цаг зав ихтэй хүмүүс үлгэр домогт хууртагдсан хэвээр. Мөнх тэнгэр яриад эхлэхээрээ бүр үлгэр домог битгий хэл хувийн зохиосон зохиолууд яриад эхлэх жишээтэй.

Энэ баяр наадам наргиа цэнгээ ууж идэх баярхаж хөөрч онгирохыгоо үнэт зүйл гэж нэрлэдэг ард түмэн хаа ч байхгүй болов уу.
Түүхийг харахад Монголын хаадууд ч гэсэн бусад улс орны соёлтой танилцаж номын сангуудыг үзэж их сургуулиудын тухай сонссон мөртлөө эх нутагтаа юу ч хийж бүтээгээгүй гэдэг харамсалтай байгаа биз. Гэтэл Монголын хаадууд ид мандаж байх 13-14 р зуунд Европын орнуудад их сургуулиудыг борооны дараах мөөг шиг л байгуулж байлаа. Ямар ч Монголын хаан эх нутагтаа их сургуулийг байгуулж хойч үедээ үнэт мэдлэг боловсрол үлдээсэнгүй.

За яахав. Өнгөрсөнөө ярьж амаа барихын оронд ирээдүйгээ л харцгаая. Мухар сүсэгт идэгдэснээ харамсаж суухаар соён гэгээрүүлэх ажил сайн хийх хэрэгтэй. Цаг алдаж болохгүй. Мэдээж цагийн үеийн биш олон хүмүүс ард олныг зааланд цуглуулж мухар сүсэгтэх цаашлаад зурагтын сувагуудаар цаг үеийн биш хүмүүс цаг үеийг “орчин үеийн” биш “хоцрогдсон үеийн” болгосоор.

Үеийн үед өнгөрсөн түүхэнд хийсэн алдаануудаа өнөөдөр давтаж болохгүй. Номын сан босгож сургуулиуд байгуулж философийн номууд бичиж явсан оюунлаг олигтой түүх байхгүйгаа тэртэй тэргүй хэн ч мэднэ. Тэглээ гээд бууж өгөх хэрэггүй.

Маргаашийн төлөө олигтойхон түүх бүтээхийн төлөө Монголчууд мухар сүсэг найр наадам баярхаж хөөрөхөөсөө салж ойрын хугацаанд мэдлэгтэй бас боловсролтой ард түмэн болохын төлөө бүгдээрээ ном ярьж мэдлэгийг үнэт зүйлээ болгох цаг ирлээ. Зөвхөн эвтэй биш бас эв нэгдэлтэй болох цаг иржээ.

Монгол хүнээс Таны үнэт зүйл юу вэ гэж асуухад өөрийгөө хөгжүүлж ухаан суух гэж хариулах ёстой цаг иржээ.

Монголчуудаа ирж байгаа 2016 оныг мэдлэгийн жил болгоцгооё.

Advertisements