Танилцуулга: Бүлэг 5

2 сарын 26 нд эхлэх Бүлэг 5-ын цуврал 5 лекцүүдээр капитализм, социализм, ардчилал болон цаашид ямар төрийн онол хэрэгтэй тухай ярилцаж энэ удаагийн цуврал 25 лекц өндөрлөнө. 4 жилийн өмнө эхлэсэн жил бүр 25 лекц уншиж олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой 100 лекц дуусах дөхөж байна.

Энэ бүтэн сайн өдөр эхлэх цуврал 5 лекцээр капитализм гэж юу вэ яагаад Монгол оронд капитализмыг алгасахаас өөр замгүй тухай ярина. Цаашид бас хөрөнгөтөн нийгэм боломжгүй тухай тайлбарлана.

Социализм нэртэй лекцээр яагаад Монголчуудад нийтэч хамтач нийгмийн хэв маяг тохирох болон улстөрийн онол түүн дээр тогтох тухай ярина. Монгол хүний аж амидралд таарсан социалист нийгмийн ололт амжилтуудыг ардчилал болон хувьчлал нэрийн дор сөнөөж сүүлдээ залуу үеийг мунхруулж бид нар бүгдийг сөнөөнө гэсэн дууг зориуд дуулуулж улс орныхоо сайн сайхан бүхнийг устгаж сөнөөсөн тухай ярилцана.

Ардчилал нэртэй лекцээр өнөөдөр дэлхий дээр яагаад ардчилал хямралд орж капитализмд ялагдсан тухай ярина. Монгол орон нэгэнт социализм байгуулж чадаагүй тул ардчилал байгуулах боломжгүй тухай тайлбарлана.

Аливаа нийгэм хамтач нийтэч байж чадвал жинхэнэ ардчилал болох боломжтой болохоос биш баян ядуугаа гайхуулж ноён шүтэж мухар сүсэгтэж феодал маягийн цагаан сар хийж баярхаж хир их мөнгө цацаж байгаагаа ардчилал эрх чөлөө гэвэл эндүүрэл болно. Дураараа дургиж дураа цацах эрх чөлөө биш. Ардчилал гэдэг социализмтай таарах болохоос биш капитализмтай яагаад ч таарахгүй.

Бүх юм хязгаартай гэсэн лекцээр Монголчууд хэрхэн юмны хязгаарыг үл тоомсорлож улс орноо эдийн засгийн гүн хямралд оруулж цаашид төлбөрийн чадваргүй болгож буй тухай ярилцана. Юунд ч хязгаар бий.

Цуврал лекцүүдтэй давхцан Монгол орон бие дааж явах чадваргүй болсон гэдгээ олон улсын өмнө зарлаж хөрөнгө оруулалтууд зогсож хар дансанд бүртгэгдэж бүх эдийн засгийн үйл ажиллагаа гадаадынханы гарт шилжиж буйг харахад 100 жилийн өмнө Монгол орон яг л ингэж өр зээл хүүгийн боол болж байсан санагдана.

Ялангуяа 100 жилийн дараа соёлт амидралд орох боломжийг хааж ард түмнээ ядаж байртай болгож чадахгүй орон сууцны зээл нэрийн дор цэвэр боолчлол явагдаж байна. Өр, зээл, хүү гэдэг ердөө л сэтгэл зүйн дарамт. Хөдөлмөр устаж цалин цалин биш болсон өнөө үед хэн ч зээлээ төлөх боломжгүй тул үргэлж боолчлогдоно гэдгийг байрны зээл олгогчид бүгд сайн мэдэж байгаа.

Хамгийн сүүлийн 25 дугаар лекцээр цаашид Монгол оронд ямар улстөр болон нийгмийн онол хэрэгтэй тухай ярина. Нийгэм хямарч байгаа явдал зөвхөн эдийн засгийн хямралаас хамаараагүй үнэт зүйлийн хямралаас хамааралтай.

Advertisements